Долоодугаар сарын 31-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Үүр зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Ховд, Хархираа, Чигж мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг 30-40 см даван хүчтэй үерлэж байна. Маргааш буюу 8-р сарын 01-ны өдөр Онон, Туул голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна.
Ойрын өдрүүдэд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Иймд цаашид орох хур тунадасны эрчимшилээс шалтгаалж гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэн үерлэж болзошгүй тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарууллаа.