Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан шахмал түлш хэрэглэдэг айл өрхүүдийн судалгаа авч, тэдгээрээс угаартах эрсдэл өндөртэй өрхүүдийг сонгон ханан пийшин, яндан, зуухны ан цав үүссэн, зай завсар зэргийг засварлах мэргэжлийн багийг өнөөдрөөс ажиллуулж эхэллээ. Тус багийнхан ХУД-ийн дөрөвдүгээр хорооны таван айлын ханан пийшинд засвар үйлчилгээг газар нь очиж хийж ажиллалаа.
Хан-Уул дүүрэгт шахмал түлш хэрэглэдэг есөн хорооны 21000 гаруй өрх байдаг бөгөөд эдгээрээс 741 өрхийн зуух, яндан, ханан пийшингийн битүүмжлэл муу, ан цав үүссэн, зай завсар ихтэй гэх судалгаа гарсан. Үүнээс хамгийн эрсдэл өндөртэй 190 гаруй айлын яндан, зуух, ханан пийшингийн эвдрэл гэмтлийг тогтоож, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах засвар үйлчилгээг газар дээр нь буюу гэрт нь очиж засварлаж эхэллээ.
Эхний байдлаар эрсдэл бүхий 190 айлын ханан пийшин, зуух, янданг нь засварлан, ажиллах тус засварын баг галлагааны улирал дуустал ажиллаж, иргэдийг угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх юм.