2021-03-23

УИХ-ын Байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллалаа

Ih-hurliin-baingiin-horoo
УИХ-ын Байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хороонд ажиллалаа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Ц.Цэрэнпунцаг, Х.Булгантуяа, Х.Болорчулуун нар (2021.03.22) Үндэсний статистикийн хороонд ажиллалаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн хууль тогтоомжуудыг өөрчлөн шинэчилж байгаа. Энэ хүрээнд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Монгол Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлогын баримт бичгүүдэд бодитоор тусгахад шинжлэх ухааны үндэслэл, нотолгоонд суурилсан статистик тоон мэдээлэл чухал ач холбогдолтой. Үндэсний статистикийн хорооноос гаргаж байгаа тоон мэдээллийг зөвхөн төрийн байгууллагууд ашиглахаас гадна аж ахуйн нэгж, иргэдэд энгийн ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр хүргэхэд анхаарах хэрэгтэйг байнгын хорооны дарга Ж.Ганбаатар хэллээ.

Монгол Улсын Статистикийн тухай хуулийг 1994 онд анх баталж, 1997 онд шинэчлэн найруулсан бөгөөд үүнээс хойш 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Уг хуулийн хүрээнд Үндэсний статистикийн хороо 48 үндсэн үзүүлэлтээр албан ёсны статистикийн мэдээллийг гаргадаг. Одоогийн байдлаар тус хорооноос 300 гаруй үзүүлэлтээр 7 хоног, 14 хоног, сар, улирал, хагас жил, жил гэсэн хугацаагаар статистик мэдээлэл гаргаж байна.

Статистикийн байгууллага нийт 311 ажилтантай бөгөөд дийлэнх хувь нь статистикч, эдийн засагч мэргэжилтэй. Нийт ажилтны 70 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Салбарын хэмжээнд хүний нөөцийг бэхжүүлэх, чадварлаг мэргэжилтнүүдийг тогтвортой ажиллуулахад хүндрэлтэй. Мөн ажлын байрны орчин нөхцөл хангалтгүй, компьютер техник хэрэгсэл хуучирсан, өдөр тутмын үйл ажиллагаанд ашигладаг программуудын дийлэнх нь албан бус линцензгүй, улс төсвийн хөрөнгө оруулалт танагддаг, цалин нийгмийн баталгаа муу зэрэг олон бэрхшээл тулгардаг гэдгийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хэлж байлаа.

Мэдээлэл технологийн хурдацтай хөгжлийг дагаад статистикийн систем ч өөрчлөгдөх шаардлага үүсэж байна. Яам, агентлаг зэрэг төрийн байгууллагуудад байгаа мэдээллүүдийг хооронд нь уялдуулж, тоон мэдээллүүдийг нэгтгэн бодлогын шийдвэр гаргахад ашигладаг болоход Үндэсний статистикийн хороо анхаарч, 2021-2025 онд статистикийн салбарыг хөгжүүлэх Үндэсний хөтөлбөртөө энэ чиглэлийн зорилтуудыг тусгасан байна. Уг хөтөлбөрийг ойрын хугацаанд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх бөгөөд хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг хөгжлийг дэмжих, дэд бүтэц мэдээлэл технологийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгож хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцэхүйц мэдээллийг оновчтой хүргэх гэсэн дөрвөн зорилтыг дэвшүүлжээ. Уг хөтөлбөрийг ирэх дөрвөн жилд хэрэгжүүлснээр Үндэсний статистикийн хорооноос гаргадаг мэдээллийн хоцрогдол арилах, зарим тоон мэдээллийг илүү нарийвчлалтай гаргах, ҮСХ статистик боловсруулахаас гадна судалгааны чадавх бэхжих, төрийн хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайжрах зэрэг олон боломж бүрдэнэ гэлээ.

Дэлхийн банкнаас жил бүр эрхлэн гаргадаг “Улс орнуудын статистикийн байгууллагын чадавх”-ийн үнэлгээгээр 2019 онд Монгол Улсын үндэсний статистикийн чадавхын ерөнхий дундаж оноо 91.1 болж Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн дунджаас 16 нэгжээр дээгүүр байна. Тодруулбал, статистикийн аргачлалаар 90 болж 22.5 нэгжээр, мэдээллийн эх үүсвэрээр 100 болж 28.3 нэгжээр тус тус дээгүүр үнэлэгджээ.

Мөн дэлхийн улс орнуудын албан ёсны статистик мэдээллийн хамрах хүрээ, нээлттэй байдалд үнэлгээ хийдэг “Open data watch” ашгийн бус байгууллагын үнэлгээгээр Монгол Улс 187 орноос 9 дүгээр байр, Зүүн Азийн бүсийн хэмжээнд 1 дүгээр байрыг эзэлсэн байна.

Байнгын хорооны гишүүд Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцсаны дараагаар статистикийн байгууллагын ажилтнуудын онлайн хуралд оролцож, санал бодлоо солилцлоо.

Гишүүдийн зүгээс статистикийн байгууллагаас гаргасан аливаа тоон мэдээлэл шийдвэр гаргах түвшинд үр дүнтэй хүрдэг байхын чухлыг онцлоод “хуурай” тооноос илүүтэй учир шалтгааныг нь тодруулсан тайлбарыг хамт гаргах тал дээр анхаарч ажиллахыг хүслээ. Ингэхдээ бусад төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж, салбар хоорондын уялдааг сайжруулах хэрэгтэйг сануулав. Эдийн засгийн байнгын хорооны гишүүд хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлэх, шаардлагатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ.

УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс