2021-04-28

Улсын хэмжээнд вакцины эхний тунг 744.564 хүн, хоёр дахь тунг 262.466 хүн хийлгэжээ

vaccine-2021-UB-hot
Улсын хэмжээнд нэгдүгээр тунд 744.564 хүн, хоёрдугаар тунд 262.466 хүн хамрагджээ

Засгийн газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар танилцуулав.

2021 оны 04 дүгээр сарын 27-ны 19.00 цагийн байдлаар улсын хэмжээнд

  • 744,564 хүн (зорилтот бүлгийн 36 хувь) вакцины нэгдүгээр,
  • 262,466 хүн хоёрдугаар тунд хамрагдаад байна.

Нийслэлд 592,362 хүн нэгдүгээр тунд, 253,321 хүн хоёрдугаар тунд хамрагджээ.

Засгийн газраас нийслэлийн насанд хүрсэн иргэд буюу зорилтот бүлгийг Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулж дуусгах үүргийг Улсын болон Нийслэлийн онцгой комисст өгөв.

Өөрөөр хэлбэл 2021 оны 04 дүгээр сарын 28-наас 2021 оны 05 дугаар сарын 08-ныг дуустал нийслэлийн 18 ба түүнээс дээш насныхан буюу зорилтот бүлгийн 1.1 сая иргэнийг КОВИД-19-ын эсрэг вакцины нэгдүгээр тунд бүрэн хамруулах юм.

Дархлаажуулалтыг ачаалал, хүндрэл үүсгэхгүй зохион байгуулахыг Улсын болон Нийслэлийн онцгой комисст даалгалаа. Мөн иргэдийг дархлаажуулах үед халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байхыг анхааруулав.