2020-04-13

ФОТО: Хашаандаа сайхан амьдарч болдгийг үлгэрлэжээ

hashaandaa-saikhan-amidaray-03
Хашаандаа сайхан амьдарч болдгийг үлгэрлэжээ

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг, хувиараа бизнес эрхлэгч Б.Энхбатынхаар хотын захирагч С.Амарсайхан зочиллоо. Гурван хүүгийн аав, ээж Б.Энхбат, Б.Болорцэцэг нар хашаа байшингаа бусдад үлгэр жишээ болохуйц тохижуулсан төдийгүй төвийн шугамнаас усаа татаж, өрөөнүүддээ шалны халаалт суулгасан бөгөөд бохирын асуудлаа эко 00-оор шийдвэрлэжээ.

Тэд өөрсдийн хашаа байшингийн зургаа сошиал сүлжээгээр цацсан нь олон хүний талархлыг хүлээгээд байгаа юм. Хотын захирагч ч мөн тэдний ажилч, хичээнгүй, хөдөлмөрч занг үнэлж, хашаа байшингаа хэрхэн тохижуулсныг нь очиж, сонирхсон нь энэ.

Б.Энхбат хоёр жилийн өмнөөс хашаа байшиндаа бага багаар хөрөнгө оруулалт хийж, сагсны талбай, явган зам, гэрэлтүүлэг, саравч, савлуур хийхийн хажуугаар ногоон байгууламжийг бий болгожээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тэдэнтэй уулзах үеэрээ “Хашаандаа сайхан амьдарч болдгийн бодит жишээ энэ байна. Үнэхээр сайхан тохижуулжээ.

Айл өрхүүд өөрсдөө хөдөлмөрлөөд, төр засаг, хэн нэгнээс гуйлгүйгээр үлгэр жишээ болсон орчныг бүрдүүлж чадсан танай гэр бүлд баяр хүргэе. Мэдээж нийслэл хот, төр засгаас шийдвэрлэх ёстой Сонгинохайрхан, Баянхошууны дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийг барьж байгуулах зэрэг ажлуудыг хийгээд явж байна” гэв. “Хашаандаа, амьдарч буй газраа цэвэр цэмцгэр авч явж, орчноо бохирдуулахгүй, ногоон байгууламжийг бий болгоод явж байгааг минь олон хүн сайшааж, хүлээж авч байгаа. Олон хүнд үлгэр дуурайлал болж байгаадаа баяртай байна” гэдгээ хэллээ.

Дашрамд дурьдахад, нийслэлээс “Хотын соёл” аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ аяны хүрээнд нийслэл хотын иргэдийг соёлч боловсон байхыг уриалж, хашаа, гудамжаа цэвэр цэмцгэр байлгахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг Улаанбаатар хотын иргэн бүрт сануулж байгаа юм.