ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албанаас өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр Нигерийн иргэдийг баривчлан, эд мөрийн баримтаар 500 орчим сая төгрөгөөр үнэлэгдэх мансууруулах бодис хураан авсан.
Гэмт этгээдүүдэд прокуророос Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
~Хар тамхи худалдсан Нигерийн иргэдэд хорих ял оноов!~
Энэхүү хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, өчигдөр шийдвэрээ гаргалаа. Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Адекола Олавасен Азеезэд зургаан жил, Анози Дарлингтон Донд гурван жил, Монгол Улсын иргэн У.Ариунзулд гурван жилийн хорих ял тус тус оноож шийдвэрлэжээ.
Тэд Монгол Улсад англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан бөгөөд бүлэглэн сэтгэцэд нөлөөт, мансууруулах бодис хууль бусаар хил нэвтрүүлж, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн юм.