2021-06-25

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо.

Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлээд “хаах, торгох бодолгүй байгаа” гэлээ. Харин тус байгууллагуудтай “Хариуцлагын гэрээ” байгуулан халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдлээ. Тус хариуцлагын гэрээг байгуулсан аж ахуй нэгж байгууллагууд үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Харин гэрээнд заагдсан халдвар хамгааллын дэглэмийг мөрдөөгүй тохиолдолд хариуцлага тооцох, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг сануулсан юм.

Монголын ресторан, зоогийн газрын холбооны төлөөллүүд нийтийн хоол, үйлчилгээний газрууд хамгийн эрсдэлтэй бүс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлээд удаан хугацаанд  үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүд дээрх хариуцлагын гэрээг байгуулан, мэргэжлийн байгууллагуудаас тавих шаардлагыг чанд мөрдөн ажиллана гэлээ. Энэ сарын 26-ны 12:00 цагт Соёлын төв өргөөнд аж ахуйн нэгжүүдийг хүлээн авч “Хариуцлагын гэрээ”-г байгуулах юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS: