ISO 9001-Чанарын менежментийн тогтолцоо, ISO 15189-Эрүүл мэндийн лаборатори чанар ба чадавхид тавигдах шаардлага, OHSAS 18001-Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн Олон улсын 3 стандартыг хэрэгжүүлсэн эрүүл мэндийн салбарын анхны байгууллага бол Цус сэлбэлт судлалын үндэсний төв /ЦССҮТ/.
Цус цуглуулахаас эхлээд шинжилгээ, үйлдвэрлэл, цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд олгох хүртэлх бүхий л үйл ажиллагаа нь Олон улсын чанарын стандартыг хангасан билээ. Амжилтаа үргэлжлүүлэн, сайжруулах үйл явц одоо ч үргэлжилсээр байна.
ЦССҮТ Олон улсын стандартуудыг үндэсний болон гадаадын байгууллагаар баталгаажуулан нэвтрүүлсэн нь үйл ажиллагаагаа дэлхийн түвшинд хүргэх зорилго, зорилтоо үе шаттайгаар хангасны илэрхийлэл юм. Нэг ёсондоо чанарын стандартыг нэвтрүүлээд орхих биш, уг амжилтаа тогтвортой хадгалж, байнга сайжруулан ажиллаж байна.
Тухайлбал, 2017 онд Монгол Улсын “SFCS” аудитын компаниар аудит хийлгэж 3 жилийн хугацаатай баталгаажуулалтын гэрчилгээгээ авсан бөгөөд тус компанийн төлөөлөл жил бүр ирж магадлах аудит хийдэг юм. Энэ оны ээлжит магадлах аудитын үнэлгээ 2019 оны 11 дүгээр сарын 29-нд болж амжилттай өндөрлөлөө.