2021 оны 04 дүгээр сард Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, академич, доктор, профессор Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор М.Ганбаатар, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүллээ.
Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс засал нь өвчүүний араар болон өмнө талаар махир металл суулгац байрлуулах замаар цээжний хэлбэрийг засдаг маш жижиг хүрцийн мэс заслын орчин үеийн арга юм.
Цээж өвчүүний хонхойх гажиг болон цээжний хэлбэрийн өөрчлөлтөөс болж өвчтөнд зүрх, уушгины үйл ажиллагааны өөрчлөлт, уушги, зүрхний үйл ажиллагаа хэвийн боловч амьдралын чанарт сөргөөр нөлөөлж буй тохиолдол болон цээжний хонхорхой байдал нь сэтгэл зүйн байдал, нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлж буй үед эмчилгээ хийлгэхийг зөвлөдөг.
Одоогоор 2 эмчлүүлэгчид энэхүү мэс заслыг амжилттай хийж, эмчлүүлэгчдийн биеийн байдал сайн, эмнэлгээс гарч амьдралын хэвийн горимд шилжсэн байгаа билээ.
Ийнхүү цээжний хонхойх гажгийг засах хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт эмчилгээг иргэд эрүүл мэндийн даатгалаар санхүүгийн ямар нэгэн бэрхшээлгүйгээр эх орондоо хийлгэх боломж бүрдлээ.