2020-08-14

Энэ сарын 17-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ

dugaariin-hyazgaaralt
Энэ сарын 17-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ

Дугаарын хязгаарлалтын талаар Нийслэлийн Засаг даргын тамгийн газрын Хууль эрх зүйн хэлтэс, Тээврийн цагдаагийн алба хамтран /ТЦА/ өнөөдөр /2020.08.14/ мэдээлэл хийлээ.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.ДАВААЖАРГАЛ:

-НИТХ-ээс тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсны дагуу Засаг дарга тогтоодог болсон. Тиймээс Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан өнөөдөр дараах захирамжийг гаргалаа. Тодруулбал, өмнө нь ажлын өдрүүдэд үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Өмнөх захирамжийн бүсчлэлийг мөн хэвээр үлдээсэн. Хязгаарлалт тогтоосон цэгүүдийн захын хэсгүүд дээр нийтийг хамарсан томоохон авто зогсоолыг байгуулах газрын асуудлыг нь судалж байна. Ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэнэ. Жолоочид хязгаарлалтай бүсэд орж ирэхээс өмнө машинаа тухайн зогсоолд байрлуулаад тэндээсээ явах чиглэлийн автобусдаа суугаад ажилдаа явах боломжоор хангахыг хичээж байна. Шинэ захирамжтай холбоотойгоор дугаарын хязгаарлалт, авто замын нэгдүгээр эгнээг зохицуулсан журмыг бид баталж буй. Тус журамд тодорхой хэд хэдэн тээврийн хэрэгслийг дугаарын хязгаарлалтад оруулахгүй, нэгдүгээр эгнээгээр зорчиж болохоор нөхцөлүүдийг зааж, тусгасан. Тухайлбал, мөрдөн шалгах ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл, жуулчны тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл, гадаад улсад бүртгэлтэй болон гамшиг ослын үед эрх бүхий байгууллагын шийдвэрээр дайчлагдсан тээврийн хэрэгслүүд, түргэн муудах хүнсний түгээлтийн үйлчилгээ явуулж буй ААН-ын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Гэхдээ заавал Замын хөдөлгөөний, инженер, зохицуулалтын газраас зөвшөөрөл олгосны дагуу хөдөлгөөнд оролцуулах боломжийг нь хангаж өгөхөөр зохицуулсан” гэлээ.

~Энэ сарын 17-ний өдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хүчин төгөлдөр үйлчилнэ~

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.ЭНХБОЛД:

-2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр тодорхой хуулиудад нэмэлт өөрчлөлт орсон. Энэ хуулийн хүрээнд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9.5-д Замын хөдөлгөөний түгжрэл саатлыг Нийслэлийн Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хөдөлгөөний дүрэм нийцүүлэн тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож болно гэж заасан. Энэ эрхийн хүрээнд дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулсан. Наймдугаар сарын 17-ны өдрөөс хяналтууд бүрэн хийгдэнэ. 2019 онд дугаарын хязгаарлалтын бүс гэсэн тэмдэг шинээр авто замын тэмдэгт нэмэгдсэн. Дугаарын хязгаарлалтын төгсгөл гэсэн тэмдэг таны явж буй замд таараагүй бол тухайн хязгаарлалт мөрдөгдөж байгаа бүс дотроо зөрчиж байна гэсэн үг. Дугаарын хязгаарлалтын бүс тэмдгийг нийслэл хотын бүсүүдийн эхлэл хэсэг дээр байршуулж дууссан. Дугаарын хязгаарлалт үйлчлэх таван бүс нь 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалттай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохгүй.