Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг, Засгийн газрын 2020 оны “Үндэсний хөтөлбөр батлах тухай” 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагчийн баталсан “Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх 2021 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөө, хөтөлбөр”-ийн хүрээнд “Үндэсний бичгийн сургагч багш бэлтгэх цахим сургалт”-ыг амжилттай зохион байгууллаа.
Сургалт энэ оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны хооронд зохион байгуулагдан хаалтын ажиллагаа өнөөдөр /2021.03.24/ боллоо.
Энэхүү арга хэмжээнд Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Амарсанаа, Монгол бичгийн нийгэмлэгийн тэргүүлэгч, доктор Ө.Оюунхүү болон бусад албаны хүмүүс оролцож, сургалтад амжилттай хамрагдсан 42 алба хаагчид “Үндэсний бичгийн сургагч багшийн батламж”, бусад алба хаагчид “Гэрчилгээ” олголоо.
Сургалтад алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан 57 байгууллагын 95 алба хаагч цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим хэлбэрээр хамрагдсан бөгөөд уг сургалт нь “Google Classroom” форумыг ашиглан алба хаагчид үүрэг гүйцэтгэж буй газраасаа шууд холбогдон мэдлэг, ур чадвараа дээшлүүлэн суралцсанаараа онцлогтой байв.
Цаашид үндэсний бичгийн сургагч багшийн “Батламж”-тай алба хаагчид өөрсдийн анги, байгууллагын алба хаагч, ажилтнуудын дунд “Үндэсний бичиг”-ийн анхан шатны мэдлэг олгох сургалт, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх ажил, арга хэмжээг хариуцан зохион байгуулах юм.