2021-08-26

Өвөлжилтийн бэлтгэл 80хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал үргэлжилж байна. Хурлаар Нийслэлийн 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай А/382 дугаар захирамжийн хэрэгжилт, явцын тайланг танилцууллаа. Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор Хотын дарга мэргэжлийн байгууллагуудад 22 чиглэлийн үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс наймдугаар сарын 19-ний байдлаар 80.1 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн хүндрэл гарч болзошгүй 30 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, халаалтын зуухны газарт үзлэг, шалгалт хийхэд 13 барилга, байгууламжийн гадна, дотор инженерийн шугам сүлжээ, дээвэрт засвар хийх шаардлагатай байгаа аж. Иймд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар эдгээр сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээ, дээврийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг зохих эх үүсвэрээс шийдвэрлэхийг судалж, танилцуулах үүргийг холбогдох албаныханд өглөө.

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх шугамыг шинэчилснээр 20-25 жил засвар хийхгүй

Баянгол дүүргийн тав, зургадугаар хороо буюу “Магнай трейд” шатахуун түгээх станцаас Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх 3.3 км хос дулааны шугамыг өргөтгөн шинэчлэх ажлын явц 62.3 хувьтай байна. Харин маргааш оройноос 56 байрны 3200 өрхийн хэрэглээний халуун усыг өгөх нь. Үлдсэн айлуудын халуун усыг есдүгээр сарын 15 гэхэд өгнө гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа. Ийнхүү дулааны шугамыг өргөтгөн сольсноор дахиж 20-25 жил засвар хийхгүй, дахин халуун ус таслахгүй болж байгаа юм.

Өнгөрсөн өвөл их болон бага хэмжээгээр 41 удаа цас орж, зам, замын байгууламжийн халтиргаа, гулгаанд 3557 тонн давс, 2645 тонн бодис зарцуулжээ. Өдгөө 700 тонн давс, 1770 тонн бодисын нөөцтэй байгаа аж. Цаашид 2000 тонн бодис, 666 тонн давс худалдан авах гэнэ.

Энэ үеэр Хотын дарга хувийн орон сууцны конторуудын эзэн холбогдогч нь тодорхойгүй, өмчлөлийн маргаантай хамтран эзэмшлийн шугам сүлжээ, тоноглолын заагийг тогтоож, эзэн холбогдогчийг тодорхой болгох, өмчийг төрийн болон орон нутгийн өмчид шилжүүлэх ажлыг хууль, дүрэм, журамд нэмэлт өөрчлөлт оруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа. Мөн Сүхбаатар дүүргийн 248 дугаар цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, шинээр барих 100 ортой нэгдсэн эмнэлгийн гадна инженерийн шугам сүлжээ, ус, дулаан дамжуулах төв болон 14 дүгээр хорооны ус, дулаан дамжуулах 12 дугаар төвийн дулаан, халуун, хүйтэн усны шугамын угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг Европын хөрөнгө оруулалтын банкны эх үүсвэрээс санхүүжүүлэхийг үүрэг болгов.

Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өрийг барагдуулах тооцоо, судалгаа гаргахыг үүрэг болгов

Үүний дараа Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын өмнөх жилүүдэд үүссэн хуримтлагдсан өрийг барагдуулах тухай танилцууллаа. Тус газар нь Налайх дүүргийн 39 мянган хүн, 205 аж ахуйн нэгж, байгууллагад орон сууц, нийтийн үйлчилгээ үзүүлдэг. Тодруулбал, төвийн хэсгийн орон сууцны хорооллын өрхийг цэвэр усаар хангаж, бохир усыг татан зайлуулах, тавдугаар хорооны хэрэглэгчдэд цэвэр, бохир ус, дулаан хангамж, ариутгах татуургын үйлчилгээг үзүүлэхээс гадна сантехникийн засвар, үйлчилгээний дуудлагыг 24 цагаар хүлээн авдаг. Мөн зөөврийн 28 ус түгээх байр, төвлөрсөн шугамд холбогдсон ухаалаг есөн ус түгээх байраар ундны усыг гэр хорооллын өрхүүдэд хүргэх үйлчилгээ үзүүлж байна.

Чандмань Налайх ОНӨААТҮГ 2004 оноос хойш алдагдалтай ажиллаж ирсэн. Жил ирэх бүр алдагдал нэмэгдэж, 2020 оны байдлаар алдагдал 1.25 тэрбум төгрөгт хүрчээ. Налайх дүүргийн иргэдийн тав тухтай  амьдрах үндэс, нөхцөл болсон цэвэр, бохир ус, нийтийн аж ахуйн үйлчилгээг тасалдуулахгүй хүргэх үүднээс Чандмань Налайх ОНӨААТҮГ-аас Ус сувгийн удирдах газарт төлөх 2.854.1 сая төгрөгийн өрийг барагдуулах саналыг энэ үеэр тавьсан юм. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва алдагдалд орох болсон шалтгааныг тодрууллаа. Чандмань Налайх ОНӨААТҮГ-ын захирал Ус сувгийн удирдах газраас нэг шоо метр усыг 112 төгрөгөөр авч, 125 төгрөгөөр зардаг. Улс төрийн шалтгааны улмаас үнээ нэмдэггүй, мөн нийтийн үйлчилгээний алдагдалтай салбарыг нуруундаа үүрч ирсэн” гэдгийг танилцууллаа. Ус сувгийн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ц.Төрхүү энэ үеэр Чандмань Налайх ОНӨААТҮГ-ыг байгууллагатайгаа нэгтгэх санал гаргасан юм. Хотын дарга тус газарт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл үүссэн байгааг харгалзан үзэж, Ус сувгийн удирдах газарт төлөх өрийг барагдуулах талаар шаардагдах тооцоо, судалгааг гарган, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд өргөн барих бэлтгэл ажлыг хангахыг үүрэг болгов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

TAGS: