Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-аас жил бүрийн 3 дугаар сарын 24-нд “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдөр улс орнууд сүрьеэ өвчний тохиолдлын тоо баримт, мэдээлэл, сургалт сурталчилгааг олон нийтэд хүргэдэг.
Германы эрдэмтэн Роберт Кох 1882 оны 3 дугаар сарын 24-нд сүрьеэ өвчнийг үүсгэгч бактерийг анх нээжээ. 1995 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сантай нийлж дэлхий нийтээрээ сүрьеэгийн эсрэг үе шаттай тэмцэх хэрэгтэй байна гэж дүгнэснээр 1996 онд ДЭМБ, Нидерландын Сүрьеэгийн сан, Олон улсын сүрьеэ болон уушгины өвчинтэй тэмцэх холбооноос анх сүрьеэгийн эсрэг тэмцэх өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 24-нд тэмдэглэхээр шийдвэрлэжээ.
Ийнхүү 1997 оноос эхлэн дэлхий даяар энэ өдрийг жил бүр тасралтгүй тэмдэглэж байна. Сүрьеэ нь дэлхийд нас баралтаар тэргүүлэх 10 өвчний нэг бөгөөд жил бүр 10 сая тохиолдол бүртгэгдэж, 1,6 сая хүн уг өвчний улмаас нас барж байгаа аж.
Монгол Улс 3 дугаар сарын 24-ний өдрийг НҮБ-ын гишүүн орны хувьд сүрьеэгийн эсрэг олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг өргөн хүрээнд зохион байгуулж, сүрьеэгийн эсрэг дуу хоолойгоо хүргэсээр ирсэн билээ. Манай улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын нэг болж 4 дүгээрт орсон байна.