​ДЭМБ: ‘COVID-19’ гахайн ханиаднаас 10 дахин олон хүний амь насыг авч одлоо

ДЭМБ-ын тэргүүн, доктор Тэдрос Адханом Гебрейсиус даваа гаригт “COVID-19” нь гахайн ханиаднаас 10 дахин олон хүний амь насыг авч одоод байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрээр өчигдөр Швейцарын Женев хот дахь ДЭМБ-ын төв байранд болсон цар тахлын дэлхийн хэмжээний нөхцөл байдлын талаарх өдөр тутмын хэвлэлийн бага хуралд оролцох үеэрээ энэ талаар дурдсан.

Гахайн ханиад буюу “H1N1” вирусийн дэгдэлт анх 2009 оны нэгдүгээр сард Мексик, АНУ зэрэг орнуудад бүртгэгдэж улмаар Хойд Америк, дэлхийн хэмжээнд цар тахал болон тархаж 2010 оны наймдугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Энэ хугацаанд дэлхийн хэмжээнд 1.6 сая батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 18449 хүн нас барсан. Гэвч ДЭМБ болон АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн хийсэн тооцоогоор гахайн ханиадны халдвараар нас барсан хүмүүсийн бодит тоог 151700-575400 гэж үздэг.

Тэгвэл “COVID-19” цар тахал нь ердөө дөрвөн сар хагасын хугацаанд дэлхийн хэмжээнд 119691 хүний амь насыг авч одоод байна. Нийт халдвар авсан батлагдсан тохиолдлын тоо мягмар гаригийн байдлаар 1.9 саяд хүрээд байгаа юм.

ДЭМБ-ын ДЭМБ-ын тэргүүн, доктор Тэдрос Адханом Гебрейсиус энэ талаар “Бид зөвхөн мэддэг зүйлсээ л хэлж чадна. Бид зөвхөн мэддэг зүйлдээ л хариу арга хэмжээ авдаг. Хэд хэдэн орны туршлага, нотолгоо коронавирус хэрхэн хувьсан өөрчлөгддөг, тархалтыг хэрхэн зогсоох, түүнийг хэрхэн эмчлэх талаархи тодорхой ойлголт, дүр зургийг өгч байна. Бид COVID-19 хурдан тархдаг бөгөөд 2009 оны гахайн ханиад цар тахлаас 10 дахин илүү олон хүнийг үхэлд хүргэсэн болохыг мэднэ. Энэ вирус ахмадын асрамжийн газар зэрэг хүн олноор цугласан газар ихээр тархдаг гэдгийг бид мэднэ. Мөн бид тохиолдлуудыг эрт илрүүлж, оношилгоо, тусгаарлалт хийн, тохиолдол бүрт анхаарал хандуулж, ойрын хавьталд орсон хүн бүрийг илрүүлэх нь халдварын тархалтыг зогсооход чухал үүрэгтэй гэдгийг мэднэ. Зарим улс оронд нийт тохиолдлын тоо 3-4 өдөр тутамд хоёр дахин нэмэгдэж байна. COVID-19 хурдан тархаж, алгуур удааширдаг. Өөрөөр хэлбэл график дээр тохиолдлын тоо уруудах нь, өгсөхөөс хавьгүй удаан. Тиймээс хяналтаа үргэлжлүүлж тохиолдлын тоог аажмаар бууруулах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: WHO.int, The Independent

TAGS: