Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНКазУ-ын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар энэ сарын 10-12-нд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалынхаа төгсгөлд тэрбээр нийслэл Нур-Султан дахь “Астана Опера” Улсын дуурь бүжгийн театр, Үндэсний музейн үйл ажиллагаатай танилцсан юм.
“Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театрыг 2013 онд Казакстаны анхны ерөнхийлөгч-Елбасы Нурсултан Назарбаевын санаачилгаар барьсан бөгөөд өдгөө Төв азид хамгийн томд тооцогддог аж. Тус театрын хэв загварыг казах үндэсний өнгө төрхийг дэлхийн архитектурын сонгодог хэв, загвартай хоршуулан бүтээж, олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоногложээ.
~“Астана Опера” дуурь бүжгийн эрдмийн театртай танилцав~
Нийт 64.000мкв талбайтай,1500 суудалтай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан ээлтэй орчин бий болгосноороо онцлог аж. Тус барилгыг 2500 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 жил зургаан сарын хугацаанд барьсан бөгөөд Итали, Франц, Герман зэрэг улсын гар аргаар олборлосон байгалийн чулууг дотоод чимэглэлд ашигласан нь олон зуун жилийн настай соёлын үнэт өв болно гэж үздэг аж.
БНКазУ-ын Үндэсний музейн тухайд 2014 онд ашиглалтад орсон бөгөөд мөн л Төв ази дахь хамгийн залуу музейд тооцогдож байна. Музейн дизайныг БНСУ-ын “Design to be Art” компани, санхүүжилтийг Казакстаны “КазМунайГаз” хийжээ.
Нийт 74.000 мкв талбайтай, 9 давхар, барилгад Астанагийн, Тусгаар тогтносон Казахстаны, Алтны, Эртний болон дундад зууны түүхийн, Угсаатан зүйн, Орчин үеийн урлагийн зэрэг 14 танхимд 175 мянга гаруй үзүүлбэр байдгаас “Иссыкийн алтан хүн” алдарт археологийн олдвор багтдаг аж.