2021-07-08

10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх магистраль шугамыг шинэчилнэ

Эрчим хүчний яамны захилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 10 дугаар хорооллоос Сүлжмэлийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Тус 8А магистраль нь анх 1997 онд Дани Улсын буцалтгүй тусламжаар угсрагдаж байсан бөгөөд 24 жил болж буй, ашиглалтын хугацаа дууссан шугам юм. Өнгөрсөн өвөл л гэхэд 3-4 удаа том аваар гарч, тухайн үед нь шуурхай арга хэмжээ авч, засварлаж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр шугам сүлжээний өргөтгөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Европын сэргээн босголтын банкны суурин төлөөлөгч Игор Питров болон бусад албаныхантай хэд хэдэн удаа хуралдаж, тендерийн үйл ажиллагаа, яамдуудын уялдаа холбоог хангаж ажлыг түргэвчилсэн. Үүний үр дүнд тус ажил долдугаар сарын 1-нээс эхэлж, трасст орсон талбайг чөлөөлөх, ногоон байгууламж, объектыг шилжүүлэх ажлуудыг хийгээд байна.

Шугам сүлжээг өргөтгөх ажил нийт долоон хэсгээс бүрдэх бөгөөд гүйцэтгэгчээр шалгарсан байгууллагууд долдугаар сарын 14-нд ажлаа эхлүүлнэ. Үүнтэй холбоотойгоор Баянгол дүүргийн 5, 6, Сонгинохайрхан дүүргийн 12-17-р хорооны хэрэглэгчдийн халуун усыг тодорхой хугацаанд хязгаарлах юм. Захиалагчийн хяналтыг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК гүйцэтгэж байна.

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

TAGS: