2021-02-04

1500 орчим СӨХ-нд халдваргүйтгэлийн бодис тарааж, зааварчилгаа, сургалт өгч байна

Ковид-19 цар тахлын үед хаалганы бариул, шат, лифтний хаалга, товчлуур зэргээр халдвар дамжих өндөр эрсдэлтэй. Тиймээс ДЭМБ эдгээр гадаргууг зориулалтын Клорцепт-17 бодисоор ариутгаж, халдваргүйжүүлэхийг зөвлөдөг. Улаанбаатар хотод Монголын Сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөлд гишүүнчлэлтэй 1500 орчим СӨХ байдаг. Мөн “Хувийн орон сууц нийтийн аж ахуйн хөгжлийн төв”, “Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбоо” ТББ-уудад бүртгэлтэй СӨХ-дын дунд цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг идэвхжүүлэх, заавар зөвлөмжийг дадал болгох зорилготой нэг сарын болзолт уралдааныг энэ сарын 6-наас зарлаж, түүнээс өмнө Клорцепт-17 бодисыг 1200 СӨХ-нд олгохоор боллоо. Энэ хүрээнд шаардлагатай санхүүжилт болох 53.5 сая төгрөгийг Улаанбаатарын хотын Захирагчийн ажлын албанаас шийдвэрлэж, СӨХ-дод ариутгал халдваргүйтгэлийн мэргэжлийн 13 байгууллагын 53 ажилтан сургалт, зааварчилгаа өгч байна. Ийнхүү өргөн хүрээтэй аяныг зохион байгуулснаар алдаг оног, зохион байгуулалтгүй хийгддэг цэвэрлэгээ, ариутгал халдваргүйтгэлийг тогтмолжуулан, хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих нөхцөлийг бүрдүүлж, хамтын уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл ЗАА-ны холбогдох мэргэжилтний 91992229 дугаарт хандаж болох аж.

Нийслэлийн Захирагчийн ажлын алба

 

TAGS: