2021-04-05

2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэгдэнэ

Ulaanbaatar-hotiin-usnii-hangamj
2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэгдэнэ

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ өнгөрсөн гуравдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болсон.

Компакт гэрээний 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх таван жилийн хугацаа албан ёсоор тоологдож эхэлснийг тэмдэглэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.

Арга хэмжээнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирал Э.Содонтогос нар оролцсон юм.

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески арга хэмжээний үеэр,

Ус хангамжийн хөтөлбөрийн энэхүү 350 сая ам.долларын санхүүжилт нь АНУ-аас Энэтхэг, Номхон далайн бүс нутагт оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалтын нэг. Ирэх таван жилийн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хувиар нэмэгдүүлээд зогсохгүй олон ажлын байр шинээр бий болгоно” гэлээ.

Монгол Улсын Засгийн газар болон АНУ-ын Мянганы сорилтын корпорац нь Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээ буюу Усны Компакт гэрээнд 2018 оны долдугаар сарын 27-ны өдөр гарын үсэг зурсан. Компакт гэрээний санхүүжилтээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүд, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх болон хаягдал ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулна.

Мөн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг нэмэгдүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Ингэснээр 2026 он гэхэд Улаанбаатар хотын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, тэр чинээгээр эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм.

Ёслолын арга хэмжээний төгсгөлд Компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг баталгаа болгон монгол бичгийн уран бичлэгээр “Ус амьдралыг тэтгэж, итгэл нөхөрлөлийг бататгана” хэмээн бичсэн тунхаглалд хүндэт зочид гарын үсэг зурж, дурсгалын зураг авахуулав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС