Найз (сургамжит өгүүллэг)

2501

Маш сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөнтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийнх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгон хадгаламжид байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав.
Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагддаг талаар хэлээд найз бүсгүйгээ өгөхийг гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байсан учраас үгүй гэж хэлэлгүй хайрт бүсгүйгээ өгчээ.

Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал, хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийдсэн байна. Найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ. Харамсалтай нь найз нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унасан боловч энэ тухайгаа найздаа хэлсэнгүй.

Нэгэн өдөр сайхан сэтгэлт залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй настай хөгшин өвгөн тааралджээ. Өвгөн хүнд өвчтэй боловч мөнгөгүй учир эм аваагүй тухайгаа ярихад залуу байсан мөнгөөрөө түүнд хэрэгтэй эмийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалсан аж. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсов. Өвгөн үнэндээ маш баян нэгэн байсан бөгөөд нас барахдаа бүх хөрөнгөө сайхан сэтгэлт залууд өвлүүлжээ. Залуу одоо баян болж өөрийг нь гомдоосон найзынхаа ажлын урд талд байшин худалдан аваад амьдарч эхэлсэн байна. Нэгэн өдөр залууг гэртээ байхад хаалганых нь хонх дуугарах нь тэр. Хаалгаа нээтэл хөгшин ядарсан эмгэн зогсож байв. Эмгэн залууд маш их өлсөж байгаа хэлээд хоол гуйхад залуу эмгэнийг гэртээ оруулж дайлжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хүнгүйг мэдээд түүнд: “Та манайд байж надад туслан хамт амьдраач” гэхэд эмгэн ч эргэлзэлгүй зөвшөөрөв. Ийнхүү хамт амьдарсаар цаг хугацаа ч хурдан өнгөрөв.
Нэгэн өдөр эмгэн залууд хандан: Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдрал зохиогооч гэхэд сайхан сэтгэлт залуу Хайртай охин байхгүй ээ хэмээн хэлэхэд эмгэн “Би чамд яг тохирох сайн охин олсон” гээд түүнийг маш үзэсгэлэнтэй эелдэг бүсгүйтэй танилцуулжээ. Тэд удалгүй гэрлэхээр болцгоож хуримын урилгаа ах дүү найз нөхдөдөө тараав. Тэдний хуриманд залууг гомдоосон найз нь ч ирсэн байв.

Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан, найздаа гомдсон сэтгэлээ илэрхийлж: Надад маш сайн нэг найз байсан юм.Тэгтэл нэгэн өдөр түүнйи минь ажил нь бүтэлгүйтсэн учраас намайг мөнгө зээлээч гэлээ. Би ч дотны найздаа туслахын тулд өөрт байсан бүх мөнгөө өглөө. Дараа нь гэрлэхээр сүй тавьсан бүсгүй минь түүнд маш их таалагдсан тухай хэлж надаас түүнийг гуйлаа. Би маш их гайхаж юу хэлэхээ мэдэхгүй байсан ч бидний хооронд анд нөхдийн бат бөх холбоо байсан учраас татгалзаж чадаагүй. Би түүнийг гомдоохыг хүсээгүй юм. Харин дараа нь би ажлаасаа гарч хүнд байдалд орж найзынхаа үйлдвэр дээр очиж түүнээс надад хийх ажил байгаа эсэхийг асуулаа. Харамсалтай нь миний хамгийн сайн найз намайг ажилд авсангүй. Надад хэдий гомдмоор байсан ч би түүнд гомдоогүй. Учир нь бид бол одоо ч жинхэнэ анд найзууд гэжээ.

Ийнхүү ярихад сэргэлэн найз нь чанга яригчийг аваад “Нэгэн цагт надад маш сайн найз байсан юм. Нэг удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө. Дараа нь түүнээс сүйт бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн. Түүний сүйт бүсгүйг би гуйж авсан шалтгаан нь тэр хүүхэн үнэндээ найзад минь тохирох нэгэн биш байсан, тэр найзын минь амьдралыг бусниулах нэгэн байсан юм. Гэнэн найзыгаа тэр эмэгтэйгээс ингэж л би аварсан. Бүтэлгүйтэн ажил асууж ирэхэд түүнд туслаагүй учир нь би дотны сайн найзыгаа өөрийнхөө захиргаанд ажиллуулахыг хүсээгүй юм. Тэр нэгэн өдөр түүнтэй тааралдсан хөгшин бол миний аав байсан. Аав маань нас эцэслэх дөхсөн тул түүнийг хөрөнгөө надад биш намайг энэ амжилтад хүргэсэн найзад минь өвлүүлэхийг хүссэн юм. Гэрт нь ирсэн тэр эмгэн бол миний ээж. Найзыгаа эрүүл энх байлган халамжлуулахыг хүссэн тул би ээжийгээ явуулсан. Одоо найзтай маань гэрлэж байгаа энэ бүсгүй түүнтэй маш тохирох нэгэн учир танилцуулсан юм. Харин миний амьдрах хоногууд цөөхөн үлдсэн би найзаасаа мөнгө авах үедээ л үүнийг мэдэж байсан. Өнөөдөр би хуримын бэлэг болгон өөрийн компаниа найзынхаа нэр дээр шилжүүллээ. Сүүлд нь хэлэхэд анд минь ээжийг минь харж хандаж яваарай.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу