2021-03-24

Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Москвад нээгдлээ

usesgelen-oros
Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэн Москвад нээгдлээ

ОХУ-ын Соёлын яам, Дорно дахины улсын музей (Государственный музей Востока)-н захиргааны санаачилгаар “Эрин үеийн зааг дээрх Монгол орон” сэдэвт Монголын үе үеийн уран бүтээлчдийн шилмэл бүтээлийн үзэсгэлэн 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Москва хот дахь Дорно дахины ард түмнүүдийн урлагийн музейн төв байранд нээгдлээ.

Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан гаргаж байгаа энэхүү үзэсгэлэнд 103 жилийн өмнө байгуулагдсан тус музейн сан хөмрөгт хадгалагдан ирсэн Монголтой холбоотой 2000 орчим үзмэрээс дээжлэн уран зураг, график зураг, уран баримал, чимэглэл, хэрэглээний урлагийн 100 гаруй ховор бүтээлийг дэлгэж, ихэнхийг нь анх удаа үзэгчдийн хүртээл болгож байна гэж Оросын урлагийн академийн Хүндэт гишүүн Татьяана Метакса, тус үзэсгэлэнгийн зохион байгуулагч, Дорно дахины улсын музейн ажилтан, хатагтай Нонна Альфонсо нар үзэсгэлэнгийн нээлтийн ёслол дээр онцлон хэлэв.

Алдарт Занабазарын дэг сургуулиар урласан бурхдын баримал, Цагаан, ногоон Дарь эхээс өгсүүлээд 1940-1970-аад оны хооронд бүтээгдсэн Аугаа их орны дайны үеийн улс төрийн плакатууд, БНМАУ-ын сүлд бүхий чамин хийцийн хивс, Маршал Х.Чойбалсангийн цээж баримал, Монголын уран зургийн томоохон төлөөлөгчид Д.Маньбадар, Д.Дамдинсүрэн, У.Ядамсүрэн, А.Сэнгэцохио, Н.Чүлтэм, Д.Амгалан, Г.Одон, С.Нацагдорж нарын уран зургууд, уран барималч Н.Жамба нарын бүтээлийн дээжээс толилуулж буй энэхүү үзэсгэлэн Дорно дахины улсын музейн төв байранд энэ оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нээлттэй байх ажээ.