Кино урлагт ид шуугиулж, авьяас чадвараа Монголдоо батлан харуулаад зогсохгүй дэлхийн тавцанд гарах анхны алхмаа “Марко Поло” киногоор эхэлсэн уран бүтээлч бол Ц.Цэрэнболд.
Дотно баргил хоолой, монгол эрчүүдэд л байх ханагар сайхан бие бол түүний бусдаас ялгарах тодотгол. Тэрээр уурхайчны хүү, Налайхын уугуул. Жүжигчин болно гэж зүүдэлж ч яваагүй Ц.Цэрэнболд сүүлд Багануурт гэр бүлээрээ шилжин ирж, гал унтраах 64 дүгээр ангид гурван жил жолооч хийжээ.
Тухайн үед байгууллагуудын дунд “АСК” тэмцээн явагддаг байсан бөгөөд энэ үеэр жүжигчин Д.Бямбацогт түүний авьяас билгийг олж харж, түүнд “Миний дүү насаараа гал сөнөөгчөөр ажиллана гэж юу байх вэ. Урлагийн сургуульд сур” хэмээн санал болгосон гэдэг.
~Цэрэнболдыг хэн уруу татав…~
Тухайн үед жүжигчин Д.Бямбацогт Багануурын театрын даргаар ажиллаж байсан нь сайхан хоолойтой, бор залуугийн авьяас билгийг олж харах боломж гарчээ. Уруу татагдсан залуу харин ч өөрийгөө урлагаас олж чаджээ.
2003 онд СУИС-ийн жүжигчний ангийг төгсөөд УДЭТ-ын өндөр босгыг даван орж, таван жүжгийн гол дүр, 30 гаруй жүжгийн туслах дүрийг тайзнаа амилуулсан байдаг бол түүний анхны дэлгэцийн бүтээл нь Австри, Германы хамтарсан “Чингис хаан” баримтат уран сайхны киноны Жамухын дүр билээ. Одоо бол өөрийнхөө авьяас чадварыг түмэн олондоо үнэлүүлсэн чансаа өндөр жүжигчин.