Амьдрал зогсдоггүй л юм бол хүний амьдралд инээд, хөгжөөнтэй зүйл гарч л тарна. Тиймдээ ч Монголын хошин урлаг хорь гаруй жил үзэгчдийг баясгаж, нийгмийн хүнд хэцүү цагт хань болж байсан ганц зүйл. Гэтэл өнөөдөр сошиал орчин хөгжөөд ирэхээр үзэгчид эргээд үзэж байгаагүй юм шиг хошин урлагаа элдвээр муулж байгаад харамсдаг уран бүтээлч бол СТА, Г.Алтаншагай.
Тэрээр өөрийн авьяас, чадвараар салбартаа өнгө нэмэн яваа тэргүүн эгнээнд багтах уран бүтээлчийн нэг гэхэд хилсдэхгүй биз. “Мөрөөдлийн Театр” хэмээх өнөр айл хүч хөдөлмөр, оюун ухаанаа нэгтгэн ард түмэндээ хэлэх гэсэн санаагаа уран бүтээлээрээ дамжуулан инээдтэй цуг хүргэж буй. Тиймээс ч хошин урлагийн тоглолтыг нь хүмүүс тогтмол үздэг биз ээ.
Дэлхийн олон оронд Халдварт өвчин дэгдэж, хүндхэн цаг үе тохиогоод байна. Чухам энэ цагт иргэдийн нүдийг баясгаж, сонор мялаах уран бүтээл нээлтээ хийх гэж буй. Тодруулбал, “Хар сувдны нууц II” инээдмийн УСК кино энэ сарын 21-ны өдөр кино театруудаар үзэгчдэд хүрэх аж.
Тус бүтээлийн эхний ангийн зураг авалт Вьетнамд хийгдэж байсан бол хоёрдугаар ангийн зураг авалтыг Турк улсын нийслэл Инстанбулд хийжээ. “Хар сувдны нууц II” киноны гол дүрд соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Алтаншагай, Д.Дэлгэрсайхан, У.Цогтбаяр, жүжигчин М.Намуунцэцэг, Ш.Энхжаргал,“Гурван сая инээд” шоуны ялагч Б.Жамъяандорж нар тоглосноос гадна туслах дүрийг гадны жүжигчид бүтээсэн аж.
Ийн уран бүтээлийн хажуугаар цахим орчинд олны танил эрчүүд үзэсгэлэн гоо, бадрангуй байдлаа илтгэсэн хар, цагаан зураг нийтлэх давалгааг эхлүүлж, биесээ дэмжицгээн сүйд болж байдаг шүү. Давалгаанд өөрийн зургаар нэгдэж, гоо сайхнаа гайхуулсан олны танил эрхмүүдийг сонжих уу.