“The Hu” хамтлагт Чингис хаан одон хүртээнэ

the-hu-hamtlag
“The Hu” хамтлагт Чингис хаан одон хүртээнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд  “Монгол Улсын Төрийн тэргүүн зэргийн одон-Чингис хаан” одонг “The Hu” хамтлагт олгохоор болсон гэж мэдээллээ.

Мөн Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр энэ сарын 26-ны, Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1 нь энэ сарын 27-ны өдөр дараалан таарч байгаа тул эдгээр өдрүүдэд болдог бөхийн барилдааныг нэгтгэх болсон талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “The Hu” хамтлагт шагнал олгох болсон талаар:

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг журамтай.

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөө жил 11 дүгээр сарын 27-ны өдөр тохиож байгаа. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөө жил Төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон-“Чингис хаан” одонг улс орныхоо нэр хүнд, үндэстний урлагийнхаа гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтний урлаг соёлын санд нэгэн онцгой өнгө төрхийг бий болгож байгаа “THE HU” хамтлагт хүртээхээр шийдвэрлэснийг Та бүхэнд уламжилж байгаадаа баяртай байна.

~“The Hu” хамтлагт Чингис хаан одон хүртээнэ~

“The Hu” хамтлаг “Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг, 11 хүний бүхэлдэхүүнтэй.

МУГЖ Б.Дашдондог – Үүсгэн байгуулагч, продюсер,
Ц.Надмидтулга – Менежер,
Брэндон Фрайзен – Менежер,
Ц.Галбадрах – Хамтлагийн ахлагч, аянга морин хуур, хархираа хөөмэй,
Г.Нямжанцан – Төмөр хуур, цуур, хөөмэй,
Б.Энхсайхан – Гал морин хуур, хөөмэй,
Н.Тэмүүлэн – Товшуур,
Г.Одбаяр – Бөмбөр,
А.Жамбалдорж – Соло гитар,
Б.Батхүү – Басс гитар,
М.Өнөмөнх – Хэнгэрэг гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

Үүсгэн байгуулагч, продюсер Б.Дашдондог нь 2009 оноос эхлэн 9 жилийн турш энэхүү хамтлаг, уран бүтээл, хөгжмийн урсгал чиглэлийн санааг бодож боловсруулан, судалсан байна. Тэрбээр “Хүннү рок” урсгалын үндсэн дуугаралтыг гаргаж авах, хөг өнгийг шинээр зохиох, хамтлагийг бүрдүүлэх, тоглох арга барилыг сайжруулах, дуугаа бичих, дуулах хэв маягийг орчин үеийн рок хэлбэрт шилжүүлэх, хөгжмийн зэмсгийг загварчлах, хамтлагийн гишүүдийн дүр төрхийг тодорхойлох зэрэг ажлуудыг хийж ирсэн байна.

“Хү” хамтлаг уран бүтээлээ анх 2018 оны сүүлээр нийтийн хүртээл болгосон цагаас асар богино хугацаанд маш өргөн хүрээнд түгж, дэлхийн хөгжмийн ертөнцөд монгол агуулгатай нэгэн шинэ өнгө төрх, уур амьсгалыг бий болгож байна.

Анхны уран бүтээл “Юу вэ, юу вэ, юу?” дууг “Youtube” сувгаар нэг жилийн дотор 26 сая, “Чонон сүлд” дууг 20 сая удаа үзэж, “Хүннү рок” урсгалыг дэлхийн сонорт чангаар тунхаглажээ. 2019 оны 6 дугаар сараас эхлэн Европын нийт 13 орноор 23 фестиваль тоглолтод оролцож, эхнийхээ аялан тоглолтыг амжилттай хийгээд одоо Америк, Канад улсаар аялж, бие даасан болон фестивалийн нийт 60 тоглолтыг хийж явна. Англид болдог алдартай рок фестивальд анх тоглосон хамтлаг дүүрэн үзэгчтэй тоглосон тохиолдол 10 жилийн дараа гарсан нь “Хү” хамтлаг болсон байна.

Энэ онд гаргасан “Чингис хаан” дууны клип цацагдсанаар олон улсад Чингис хааны нэрийг буруу бичиж, хэлж хэвшсэн байдал засагдаж эхэлсэн зэрэг гадаад харилцаа, улс төр, дипломатын хүрээний эерэг үр дүн ч гарч байгааг дурдах нь зүйтэй. Түүнчлэн Европт хийсэн аялан тоглолтын үеэр монгол хүнд хандах тухайн улсын хүмүүсийн хандлага, харьцаа илүү хүндэтгэлтэй, эелдэг найрсаг болж ирснийг Европын олон оронд сурч, ажиллаж, амьдарч байгаа монгол иргэд маань бахархан ярьж байгаа юм.

“Гэрэг” хэмээх анхны цомгоо энэ оны 9 дүгээр сард гаргасан нь борлуулалтаараа дуу хөгжмийн ертөнцийн жагсаалтыг тэргүүлж байна.

Их Эзэн Чингис хаан, эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх хийгээд үндэсний уламжлалт урлаг соёлынхоо арвин өвдөө тулгуурлан бий болгосон “Хүннү рок” хэмээх шинэ урсгалыг дэлхий дахинд сурталчлан түгээж, Монгол Улс, монгол хүний нэр хүндийг өндөрт өргөн гялалзаж яваа монгол залуустаа баяр хүргэж, талархал илэрхийлье” гэсэн юм.