Нийгмийг нуруун дээрээ үүрч яваа ард иргэд энэ цагт ихээр туйлдаж, ядарч байна. “Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй” хэмээх ардын мэргэн үг энэ цагт биеллээ олж, олон түмний уур ундууцлыг ил, далд хүргэсээр удаж буй.
Хүн бүр өөр өөрийн дүгнэлтээ өгч байгаа энэ үед нийгмийн нэгэн дуу хоолой, үлгэр дууриал болсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар өөрийн нүүр номдоо үзэл бодлоо илэрхийлжээ.
Өргөн уудам газар нутаг дээрх гуравхан сая хүн ардаа сэтгэл амар сайхан амьдруулж чадахгүй байж, дээр суучхаад бие биенээ муулан, нэг нэгнийхээ дээр гарах гэж зүтгэнэ. Ийм дүр зурагтай байгаа төрдөө унтууцан уурсаж, олон юм ярьсаар байтал эх орон, ард түмэн чинь хэцүүдэж дууслаа хэмээн үгэн нударга зангиджээ.
“Эх орныхоо төлөө тэмцэж өрсөлдөж
Ялагдлын гашууныг амсаж
Ялалтын сайхныг мэдэрч
Төрийн дууллаа сонсож
Түмэн олонтой огшиж омогшиж байдаг хүн
Эх орныхоо төлөө цохилох зүрхтэй
Ирээдүй хойчийнхоо төлөө санаа тавих сэтгэлтэй болдог юм” эх оронч үзэл ингэж төлөвшдөг гэдгийг ийн хэлжээ.
Тийм ээ, эх орныхоо нэрийг дэлхий дахинд цуурайтуулахын тулд бүхий л амьдралаа зориулж, маш их тэсвэр тэвчээрийг даван туулсан учраас тэдний хувьд эх орон юунаас ч илүү үнэ цэнэтэй, эрхэм зүйл…