2020-08-19

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

zasgiin-gazriin-huraldaan-2020
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

– Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов. Энэ нь хөдөлмөр эрхлэлт болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, цар тахлын хямралыг даван туулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

– “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– “Эрүүл мэнд, эм зүйн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Энэ хүрээнд эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэнд, анагаах ухаан, эм зүй, эмнэлгийн тоног төхөөрөмж, эмийн чанар, аюулгүй байдал, зохистой хэрэглээ, эмчилгээ-урьдчилан сэргийлэх, эрдэм шинжилгээ, судалгаа, рашаан сувилал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.