Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.
Үүнд:
– Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ хийсэн тайлантай Засгийн газрын гишүүд танилцав. Нийт 19 байгууллагын 54 төсвийн ерөнхийлөн захирагч тайлан ирүүлэхээс 47 нь ирүүлсэн байна. Эдгээр байгууллагууд Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр 3,1 их наяд төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж 2,6 их наяд төгрөгөөр гэрээ байгуулж ажилласан байна.
– Дипломат болон албан/сервис паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Грек Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлав. Ингэснээр дипломат болон албан/сервис паспорттай иргэд 180 хоногийн дотор 90 хүртэлх хоногийн хугацаанд хоёр улсын нутаг дэвсгэрт харилцан визгүй зорчих юм. Мөн манай улсын иргэд Шенгений бүсийн 14 улсад визгүй зорчих нөхцөл бүрдэх юм.
~ЗГ-ийн ээлжит хуралдаан болж, хэд хэдэн шийдвэр гаргав~
– “Тогтвортой амжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов. Хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт олгов. Дэлхийн банкнаас ОУ-ын хөгжлийн ассиоцацитай хамтран 2002 оноос манай улсад хэрэгжүүлж буй уг “Тогтвортой амжиргаа” төслийн 1, 2 дугаар шатны хүрээнд нийт 65,7 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин төслийн гуравдах шатыг 24 сарын дотор хэрэгжүүлж, 12 сая ам.доллар зарцуулна хэмээн төсөвлөжээ.
– “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК –ийн ОХУ-ын “Интер РАО ЕЭС” худалдан авсан цахилгаан эрчим хүчний 2019 оны үлдэгдэл өр төлбөрт 3,2 тэрбум төгрөг, 2020 оны 01 дүгээр улирлын урьдчилгаа төлбөр болох 800 сая төгрөгийг тус тус Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэв.
– “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг хэлэлцэн дэмжээд УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр тогтов. Төслийн санхүүжилтийг Дэлхийн банкны ОУ-ын хөгжлийн ассиоцациас хийх бөгөөд нийт 41.0 сая ам.долларын хөөнгөлөлттэй зээл олгоно. ДЦС-3-ын үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчнийг хотын сүлжээнд дамжуулдаг үндсэн гол шугам болох 5а, 3г магистралыг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллын төөлөвлөлтийн байршлууд руу дулааны шугамууд татах ажлыг эхний ээлжинд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
– Жендэрийн Үндэсний хорооны бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн нэг гишүүн, Удирдлагын академийн захирал, МҮОНРТ-ийн ерөнхий захиралыг тус тус гишүүнээр нэмж оруулахаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулав.