2021-04-28

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна

said-Battsetseg
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганд оролцож байна

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 77 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэгт Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, “Ази, Номхон далайн бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх замаар хямралыг даван туулах нь” сэдвээр байр сууриа илэрхийлэв.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Ковид-19” цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтад хамруулах, хямралын үед иргэдийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав.

Мөн эдийн засгийг сэргээх, нийгмийн хамгааллын хүртээмжийг нийгмийн бүх салбарт хүргэх чиглэлээр Засгийн газрын зүгээс хүчин чармайлт гаргаж буй ч бүс нутгийн интеграцчилал, тэр дундаа тээвэр, дэд бүтцийн хэлхээ холбоосыг сайжруулах асуудал далайд гарцгүй Монгол Улсын хувьд хурцаар тавигдаж буйг онцлон тэмдэглэсэн байна.

Монгол Улсаас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч А.Төмөр Комиссын 77 дугаар чуулганы дэд даргаар мөн ажиллаж байна.

эх сурвалж: Гадаад харилцааны яам