Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад “Чингис Хаан” одон хүртээлээ

chingis-khaan-odon-gurragchaa
Сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаад "Чингис Хаан" одон хүртээлээ

Монгол хүн сансрын уудамд ниссэний түүхт 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2021-03-22/ зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг сансрын нисгэгч, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаад хүртээлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хэлсэндээ үгэндээ, 

Хүн төрөлхтний ирээдүй болсон сансар судлалын салбарыг шинэ түвшинд гаргах, сонирхон судлах үүд хаалгыг нээж, улс орноо сансар судлалын анхдагчдын эгнээнд оруулж, сансарт ниссэн дэлхийн 101 дэх иргэн, Ази тивээс сансарт ниссэн 2 дахь хүн, сансарт иргэнээ нисгэсэн дэлхийн эхний 10 дахь орон болж түүхэнд тэмдэглэгдэн үлдэхэд оруулсан гарамгай гавьяа, монгол хүн бүр эх орноороо бахархах үзлийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээсэн хүндтэй хувь нэмрийг үнэлж, Монгол Улс, Зөвлөлт Холбоот Улсын баатар, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчааг Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис Хаан” одонгоор шагнасугай” гэжээ.

 “ЧИНГИС ХААН” ОДОНТ САНСРЫН НИСГЭГЧ, ХОШУУЧ ГЕНЕРАЛ Ж.ГҮРРАГЧАА шагнал гардсаныхаа дараа, 

Монгол төрийн эрхэм дээд шагналаар шагнагдсандаа би туйлын баяртай байна. БНМАУ, ЗХУ-ын сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой энэ тохиож байна. Сансрын хамтарсан нислэг бол олон хүний хөдөлмөр, бүтээл шингэсэн үйл ажиллагаа болсон юм. Сансрын хамтарсан нислэгийн бэлтгэл ажилд оролцсон Монгол Улсын байгууллага, хамт олон, шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн, судлаачид олон бий. Энэ бүх үйл явдлын хамгийн дээд цэг нь болсон сансрын хамтарсан нислэгт биеэр оролцсон намайг өндрөөр үнэлж буй нь тухайн ажилд оролцсон бүх хүнийг үнэлсэн үнэлгээ гэж би хувьдаа бодож байна. Би монголчуудын болон төрийнхөө буян хишгийг олон хүртлээ. Буян хишгээ үргэлж хайрлаж байдаг Монголынхоо ард түмэнд дахин талархал илэрхийлье. Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд гүн талархал дахин илэрхийлье. Баярлалаа” гэлээ.

“Чингис хаан” одонг дараах эрхмүүд хүртсэн байдаг,

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг