2020-07-08

ТАНИЛЦ: Шинэ Засгийн газарт ажиллах сайд нар

hurelsukh
Шинэ Засгийн газарт ажиллах сайд нар

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд:

  • -Шадар сайд – Я.Содбаатар
  • -ЗГХЭГ-ын дарга – Л.Оюун-Эрдэнэ
  • -Гадаад харилцааны сайд – Н.Энхтайван
  • -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – Д.Сарангэрэл
  • -Сангийн сайд – Ч.Хүрэлбаатар
  • -Хууль зүй, дотоод хэргийн сайд – Х.Нямбаатар
  • -Эрчим хүчний сайд – Н.Тавинбэх
  • -БСШУ-ын сайд – Л.Цэдэвсүрэн
  • -Зам тээврийн хөгжлийн сайд – Л.Халтар
  • -ХХААХҮ-ийн сайд – З.Мэндсайхан
  • -Соёлын сайд – С.Чулуун
  • -Эрүүл мэндийн сайд – Б.Цогтбаатар
  • -Барилга хот байгуулалтын сайд – Б.Мөнхбаатар
  • -Батлан хамгаалахын сайд – Г.Сайханбаяр
  • -Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд – А.Ариунзаяа
  • -Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд – Г.Ёндон нар орж ажиллахаар болсон байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд өмнө нь салбартаа олон жил ажиллаж,тодорхой хэмжээний дадлага туршлага хуримтлуулж, салбарынхандаа танигдсан, төрийн албанд мэргэшсэн залуучуудыг сонгож Засгийн газраа бүрдүүлж байна. У.Хүрэлсүхийн багт орж ажиллах гэж байгаа шинэ сайдуудын талаар товч танилцуулъя.

Эрчим хүчний сайдад нэр дэвшээд байгаа Н.Тавинбэх гэхэд эрчим хүчний салбарт мастераас эхлэн гүйцэтгэх захирлын алба хашиж, Багануур дүүргийн захирагчаар ажиллаж байжээ. Батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байгаа Г.Сайханбаярын хувьд Бригадын генерал цолтой, 1994 онд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын гараагаа эхлэж, 1996 оноос хойш Батлан хамгаалах яаманд ажиллаж байгаа юм байна.

-Нилээд их хүлээлт үүсгээд байгаа Соёлын яамны сайдаар ажиллахаар нэр дэвшсэн С.Чулуун нь Шинжлэх ухааны доктор, академич цолтой, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Монголчуудын өв соёлийг дэлхий нийтэд түгээх, аялал жуулчлалыг хөгжүүлэх соён гэгээрүүлэх томоохон үүрэг хүлээж байгаа Соёлын яамыг С.Чулуун академич тэргүүлэхээр болоод байна.

~шинэ Засгийн газарт ажиллах сайд нарын нэрсийг танилцууллаа~

-Тэгвэл Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байгаа Б.Цогтбаатар Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн захирлаар ажиллаж байжээ. Тэрээр АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, мэргэжлээрээ АНУ-д магистр, Канад улсад докторын зэрэг хамгаалсан юм байна. Харин Гадаад харилцааны сайдад нэр дэвшээд байгаа Н.Энхтайван нь Политехникийн дээд сургууль, Бээжин хотын Худалдааны их сургууль, Шинэ Зеландын Велингтоны их сургууль тус тус дүүргэсэн.

МУИС-д эдийн засгийн магистр, АНУ-ын Стрэйерийн их сургуульд бизнесийн удирдлагын магистр хамгаалсан, 1993-1996 онд Худалдаа, үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд ГХЯ-нд мэргэжилтэн, атташе, 1997-1999 онд ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, III, II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байжээ.

-Тэгвэл Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшээд байгаа Л.Халтар нь ОХУ-д Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр, Эрхүү хотод Зам харилцааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. УБТЗ-ын Удирдах газраас ажлын гараагаа эхлүүлж, УБТЗ-д Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан дарга, Зам, тээврийн хөгжлийн дэд сайдын алба хашиж байжээ. Харин БСШУ-ын сайдад нэр дэвшээд байгаа Л.Цэдэвсүрэн 1994 оноос эхлэн Боловсролын яаманд мэргэжилтнээс эхлэн газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга хүртэл алба хашиж байгаа, салбартаа танигдсан, ажлаа мэддэг туршлагатай төрийн албан хаагч юм байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газарт 3 эмэгтэй сайд ажиллахаар болж байна. Тэдний нэг нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдад нэр дэвшээд байгаа А.Ариунзаяа Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны даргаар ажиллаж байсан, төрийн ажлын туршлагатай, гадаадад боловсрол эзэмшсэн бүсгүй юм.