2020-02-10

УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав

ulsiin-ontsgoi-komiss
УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” хилийн боомтуудад ажиллалаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ОБЕГ, ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, мөн аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгсөн юм.

Замын-Үүд боомт

Зам-Үүд боомтоор хоног тутам улсын хил нэвтэрч буй зорчигчдоор хилийн орох хуудас бөглүүлж, тухайн зорчигчийн талаар мэдээллийг тухай бүр сумын Онцгой комисс, Хилийн мэргэжлийн хяналтын алба, Цагдаагийн хэлтэс, аймгийн нэгдсэн эмнэлэгт өгч ажиллаж байна. Автозамаар нэвтэрсэн 6,131 зорчигч, төмөр замаар нэвтэрсэн 1,787 зорчигчид нарийвчилсан хяналт, тандалт хийж, 463 ачааны машин, зорчигч тээврийн 859 автомашинд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Мөн БНХАУ-ын Эрээн хотоос 5 өдөр 29 автобусаар 1,780 монгол иргэдийг татан авах үеэр нарийвчилсан үзлэг хяналт хийж, тээврийн хэрэгсэл, ачаа тээшинд ариутгал халдваргүйтгэл хийж нэвтрүүлсэн байна. Боомтын шинэчлэлтэй холбоотойгоор Замын-Үүд боомт түр горимоор ажиллаж байгаа бөгөөд ариутгалын пункт, тусгаарлах байрыг буулгасан тул түр байр бэлтгэн ажиллаж байна.

Гашуунсухайт боомт

Гашуунсухайт боомтоор орох чиглэлд 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 05-ны хооронд нийт 2615 Монгол иргэн, 36 БНХАУ-ын иргэн, 1432 тээврийн хэрэгслийг хорио цээрийн дэглэмийн дагуу хяналт, шалгалтад оруулж, улсын хилээр нэвтрүүлсэн.

Мөн Цагаанхаднаас хилийн боомт хүртэл сайжруулсан болон засмал зам дагуу оочир дараалал үүсгэж, бөөгнөрсөн нүүрс тээврийн автомашинуудыг Цагаан хад дахь гаалийн хяналтын талбай болон нүүрс тээвэрлэлт эрхэлдэг аж, ахуйн нэгжүүдийн зогсоон байрлуулах асуудлыг орон нутгийн болон хилийн хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулжээ.

~УОК-ын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллав~

Тус боомттой хил залгаа БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн, хилээр дамжин халдварлаж болзошгүй, түүнчлэн тээвэрлэлт ердийн үеийнхээс 9-10 дахин буурсантай холбоотойгоор Ханбогд сумын эмнэлэг, “Цагаан хад” хөгжлийн гарц ТББ-ийн зүгээс эрдэс баялгийн тээвэрлэлтийг хязгаарлалтын хугацаа дуустал түр зогсоох саналыг гаргасан. Тус боомтын хувьд мөн шинэчлэлийн ажил хийгдэж байгаа бөгөөд ариутгалын пункт ажиллахгүй, тусгаарлах байр нь халаалт, цэвэр, бохир усгүй байна.

Шивээхүрэн боомт

“Монгол,Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн дагуу Монгол, Хятадын хилийн Шивээхүрэн-Сэхээ боомтуудыг Хятадын хаврын баяраар буюу 01 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд түр хааж, 28-аас цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Түүнээс хойш 02 дугаар сарын 06 өдөр хүртэл хоёр орны 1349 зорчигч, 843 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн. Бэлэн байдлын нөөц, хамгаалах хэрэгслийн хоёр хоногийн нөөцтэй, зориулалтын тусгаарлах байргүй, түр байдлаар гэр барьсан байна. Гурвантэс суманд нүүрс олборлолт хийдэг зарим компани ачилтаа зогсоон ажилчдаа амраагаад байгаа аж. Харин нүүрс тээвэрлэлтийн 50 компани үйл ажиллагаа явуулдгаас 16 компанийн 400 орчим автомашин нүүрс тээвэрлэлт хийж байна.

Буянт-Ухаа боомт

Хилийн боомтоор 01 дүгээр сарын 28-аас 02 дугаар сарын 07-ны хооронд нийт 89 орны 18,357 зорчигч, 8 орны 182 тээврийн хэрэгсэлд нарийвчилсан үзлэг шалгалтыг хийж нэвтрүүлсэн.

Мөн 02 дугаар сарын 01-ээс эхлэн Европоос бусад бүх рейсийн агаарын хөлгийн зорчигчдоос эрүүл мэндийн тодорхойлолт хурааж, тандалт судалгаа хийж ажиллаж байна. Тусгаарлах байртай, бэлэн байдлын нөөц, хувийн хамгаалах хэрэгслийн нөөц багассан байгаа аж.

Хилийн боомтуудад ажиллах үеэр “Шуурхай бүлэг”-ийг ахлагч, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян үүрэг гүйцэтгэж байгаа бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэд өөрсдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа сайтар хамгаалах хэрэгтэйг сануулж, эрдэс баялгийн тээвэрлэлтийг түр зогсоох санал болон боомт дээр ажиллах нөхцөл хүнд байгаа талаар Засгийн газарт танилцуулна хэмээн онцоллоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.