Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Усны салбарын хэд хэдэн бодлого тусгагдсны нэг нь “Хөх морьт” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тоонот төслийн техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж барилга, байгууламжийн ажлыг эхлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Энэ хүрээнд /2021/03/09/ БОАЖ-ын сайд Н.Уртнасан Унгар улсын Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Борбала Обрушанскыг хүлээн авч уулзан дээрх асуудлаар санал солилцлоо.
Монгол, Унгар хоёр улс Байгаль орчны салбар тэр дундаа усны салбарын олон төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж тодорхой үр дүнг гарган ажилласан. Уулзалтаар дээрх жишгийн дагуу “Хөх морь” төслийг хамтран хэрэгжүүлж усны хуримтлалыг бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэхэд гар нийлэн ажиллахаар санал нэгдсэн юм.
~Усны салбарт Унгар улстай хамтран ажиллана~
Уулзалтын дараагийн хэсэгт Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас нээж хамтын ажиллагааг эхлүүлэх талаар ярилцлаа. Тэр дундаа Унгар улсын орон нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын сайн туршлагыг судлан нэвтрүүлэх, хөрсөндөө буулгах чиглэлээр хамтран ажиллах боломж байгааг онцолсон юм.
Түүнчлэн хоёр орны аялал жуулчин салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд хоёр орны эрдэмтдийн хамтарсан “Хүннү-Аттила судлалын эрдэмтэн сан”-гийн “Гол мод II” соёл-археологийн төслийг хэрэгжүүлэнэ. Уг төслөөр хэрэгжснээр Хүннү ба Аттила судлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалаар дамжуулан олон нийтэд сурталчлан таниулах боломж бүрдэх юм.