Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч Б.Содбилэг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-нд бууны суманд шархадсан хотон шувуу Чандмань сумын Сүлжээ багт байгааг олж, улмаар тухайн хотонг монгол гэрт асарч байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тухайн үед дээрх шувууны зүүн далавч, хөл нь гэмтсэн учир нисэж чадахгүй байсан. Тиймээс гэмтсэн хотон шувууг Жаргалант сум руу хүргэж, гурван сар эмчилсэн бөгөөд зориулалтын байр байхгүй учир айлын монгол гэрт тэжээсэн юм.
Түүнчлэн Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон нэг настай хотон шувуунд Азхүү гэдэг нэр өгсөн.
Тэгвэл Азхүү нэртэй хотон шувуу долоон сарын асаргааны дараа эдгэсэн бөгөөд хотонг байгальд тавьж, ижил сүрэгтэй нь нийлүүлжээ.