АНУ гадаадад байгаа иргэдээ эх орондоо яаралтай ирэхийг уриалжээ

АНУ-ын Төрийн департамент пүрэв гаригт “COVID-19” цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор иргэдээ дэлхийн бүх улс оронд зорчихгүй байх дөрөвдүгээр төвшний зөвлөмж гаргаж, гаднын улсад байгаа иргэдээ нэн яаралтай эх орондоо буцаж ирэхийг уриалав.

Төрийн департаментын мэдэгдэлд “Дэлхий дахинд COVID-19 цар тахал аюул заналхийлэл учруулж байгаатай холбоотойгоор Төрийн департаментын зүгээс иргэдийг гаднын улсад зорчихгүй байхыг зөвлөж байна. Нислэг үйлдэх боломжтой улс орнуудыг зайлшгүй шаардлагаар зорьсон иргэд байгаа газраа тодорхой хугацаанд оршин суух бэлтгэл хангаагүй тохиолдолд нэн даруй эх орондоо буцаж ирэх шаардлагатай. Гадаадад амьдардаг АНУ-ын иргэд олон улсын шинж чанартай бүх аяллаас зайлсхийх хэрэгтэй. Дэлхийн олон улс орон COVID-19-ийн дэгдэлтээс улбаалан аяллыг хязгаарлах, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлэх, хилээ хаах, өөрийн улсаас бусад орны иргэдийг урьдчилан мэдэгдээгүй эсвэл тусгай чиг үүрэггүй тохиолдолд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байна” гэжээ.

Image result for Usa covid

АНУ-ын хувьд аяллын дөрөвдүгээр төвшний зөвлөмж нь ихэвчлэн эрсдэл өндөртэй тодорхой цөөн орны хүрээнд хамардаг. Харин 179 оронд цар тахал бүртгэгдсэн энэхүү нөхцөл байдалд дээрх хязгаарлалт дэлхийн бүх улс оронд хамаарч байгаа аж.

Дэлхийн улс орнууд хилээ хааж, нислэгүүд олноороо цуцлагдсанаар гадаадад байгаа эх орондоо буцаж чадахгүй нөхцөл байдалд орсон АНУ-ын иргэд тусгай үүргийн нислэг үйлдэж нүүлгэн шилжүүлэлт явуулах хүсэлтийг Засгийн газартаа гаргаад байгаа юм. Тухайлбал, Перу улс хоёр долоо хоногийн хугацаанд хорио цээрийн дэглэм тогтоож, бүх нислэгүүдийг цуцлах болсонтой холбоотойгоор тус улсад байгаа АНУ-ын 1400 орчим иргэдийг тусгай нислэгээр эх оронд нь буцаахыг хүссэн. Мөн Гондурас улсад 50 хүний бүрэлдэхүүнтэй АНУ-ын эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг тус улс долоо хоногийн хугацаанд хилээ хааж, нислэг зогсоосонтой холбоотой гацаад байгаа юм.

Image result for Usa covid

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гаригт энэ талаар “Бид Перуд гацсан иргэдээ эх оронд нь буцаахаар Батлан хамгаалах яамыг дайчлаад байна. Засгийн газрын зүгээс гадаадад байгаа иргэдийг эх орондоо буцаж ирэхийг анхааруулсан. Улс орнууд хилээ хааж, нислэг цуцлагдаж байгааг сануулж, тодорхой цаг хугацаа өгсөн. Гэвч нислэгээс хоцорсон олон иргэд гаднын улсуудад гацжээ. Тиймээс тэднийг цэргийн хүч дайчлан буцааж авчирна” гэж мэдэгдсэн юм.

Image result for Usa covid

Израиль улс лхагва гаригт Перу улс руу худалдааны онгоц илгээж, тэнд гацсан өөрийн орны иргэдээ эх оронд нь авчирсан. Мөн Чили улс Мексик болон Перуд байгаа 200 иргэнээ авахаар тусгай үүргийн онгоц илгээсэн энэ цаг мөчид АНУ-ын Сенатын танхимын цөөнх болох Ардчилсан намын гишүүдийн зүгээс гаднын оронд гацсан иргэдээ эх оронд нь буцаах чиглэлд Төрийн департамент илүү хүчин чармайлт гаргаж, дорвитой ажиллах ёстой гэх шаардлага бүхий захидлыг хүргүүлээд байна.

Image result for Usa covid

Сенатын Гадаад харилцааны хорооны гишүүн, сенатор Боб Менендес тэргүүтэй Ардчилсан намын найман гишүүний зүгээс гаргасан шаардлагад “Гадаадад байгаа Америкчуудад тусламж, дэмжлэг үзүүлэх, тэдний аюулгүй байдлыг хангах нь Департаментын үндсэн үүрэг” гэжээ. Харин Ардчилсан намын сенатор Крис Ван Холлен АНУ-ын Төрийн департментийн тэргүүн Майк Помпеод хандсан шаардлагадаа “Төрийн департментийн зүгээс Аргентин, Камбож, Гватемал, Гондурас, Япон, Узбекистан, Сальвадор зэрэг орнуудад гацсан олон зуун америкчуудыг нэн тэргүүнд яаралтай эх оронд нь аюулгүй авчрах ёстой” гэсэн байна.

Эх сурвалж: The Hill

TAGS: