2019-05-08

Контемпорари урлагийн хатан Марина Абрамович бидэнд ойртлоо

НЭГЭН ТҮҮХ

Газар шүргэсэн урт хормой бүхий час улаан даашинз өмссөн эмэгтэй хоёр сандалтай ширээний нэг талд нь суугаад өмнөө байх сандал дээр ирж суусан хүмүүс рүү чимээгүй ширтэнэ. Эмэгтэй өндөр, монхор хамартай агаад өтгөн, хөвсгөр, хүрэн урт үсээ сул сүлжин нэг мөрөө давуулан урагш унжуулжээ. Улаан даашинзтай эмэгтэйн өмнө хөгшин, залуу, эрэгтэй, эмэгтэй, өндөр, нам, тарган, туранхай олон хүн ирцгээнэ.. Тэд хэсэг суугаад босч явна. Эмэгтэй үг дуугарахгүй хэвээр. Байгууламжид байх камер барьсан хүмүүс эмэгтэйг анхааралтай ажиглана.

Эмэгтэйн урд ирэх хүмүүс ээлжилж, солигдсоор. Олон хүмүүстэй ширтэлцсэний дараа өмнөө суусан хэн нэгнийг босон явах хойгуур улаан даашинзтай эмэгтэй хэсэг амсхийж доош харав. Энэ хооронд өндөр, хижээл насны нэгэн эр түүний өмнө ирж суусан байлаа. Доош харж суусан эмэгтэй өнөөх эрийг эгцэлж ширтээд зогтусав. Удалгүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч, хоёр нүдийг нь нулимс бүрхээд ирлээ. Эрэгтэй толгой сэгсрээд, хөнгөхөн инээмсэглэв. Эрэгтэйн нүдэнд ч мөн адил нулимс цийлэлзэнэ. Хэсэг хугацаа өнгөрөхөд эмэгтэй хоёр гараа ширээн дээр алгуурхнаар сунгахад хижээл насны эр гараас нь атгалаа. Энэ үед байгууламжид байсан хүмүүс бүгд дуугаа хураан, хөдөлгөөн нь удаашрав. Зөвхөн гэрэл зургийг аппаратны дуу чагхийж, гэрэл гялсхийнэ. Хэдхэн мөчийн дараа эрэгтэй нь босож явав. Улаан даашинзтай эмэгтэй нулимсаа арчин үлдлээ. Түүний өмнө дахиад л өөр нэгэн ирж суув…

Марина Абрамович гэх эмэгтэйг анх удаа харж байсан дүр зураг гэвэл ийм. Миний зураглаж буй эл бичлэгийг үзээгүй хүн ховор болов уу. Учир нь энэ бичлэг дэлхий дахинд тархсан даруйдаа хамгийн алдартай болсон.

Бичлэгийн баатар, улаан даашинзтай эмэгтэй бол дэлхийн контемпорари урлагийн алдарт төлөөлөгч, уран бүтээлч, зураач, перформанс артын анхдагчдын нэг Марина Абрамович юм. Марина Абрамови 1946 онд төрсөн. Герман гаралтай ч европт уран бүтээл нь ихэд алдаршсан.

Харин дээр дурьдсан үйл явдал бол 2010 онд Марина Абрамовичийн перформансын үеэр болсон билээ. Марина Абрамович 22 жилийн өмнө салсан нөхөртэйгээ өөрийн үзүүлбэрийн үеэр уулзсан нь тэр байлаа. Түүний нөхөр асан Улэй, болон Марина Абрамович нар дэлхийд алдартай уран бүтээлчид. Тэд нэгэн үед дурлалт хосууд, бас уран бүтээлийн хамтрагчид явжээ. Улэй, Марина нар уран бүтээлийн оргил болсон бүтээлүүдээ хамт хийж, дэлхийд цочрол өгч байсан. Тэдний эрэмгий зоригтойгоор хамтдаа бүтээж байсан олон перформансууд одоо ч маш алдартай. Нэг үгээр илэрхийлбэл дэлхийн хамгийн эрх чөлөөтэй уран бүтээлчдээр тэднийг нэрлэдэг хэрэг.

Тэд хамгийн сүүлийн перформансаа 1988 онд хамт хийн, удалгүй салсан гэдэг. 45 настай Улэй говиос, 42 настай Марина Шар тэнгисээс 2500 км зам туулан өөд өөдөөсөө алхсаар Хятадын Цагаан хэрэмийн төвд уулзан, тэврэлдээд, “Баяртай!” гэж нэгэндээ хэлжээ. Энэ түүхийг унших бүрт надад “Төгс төгөлдөр хагацна шүү. Тийм эрэмдэг хагацахгүй!” гэх шүлгийн мөр санаанд буудаг юм. Тэд үнэхээр л төгс төгөлдөр хагацаж чадсан.


ШИНЭ ҮЗЭСГЭЛЭН

Уран бүтээлчид ийн хоёр тийш болсон ч Марина Абрамович уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн. Түүний ганцаарчилсан үзэсгэлэнгүүд олон улсад тогтмол гарсаар байгаа юм.

Тэгвэл танд дуулгах нэг сайхан мэдээ байна. Марина Абрамовичийн ээлжит үзэсгэлэн БНХАУ-ын Бээжин хотноо зургадугаар сарын 15-ныг хүртэл гарч эхэлжээ. Энэ бол дүрслэх урлагийн уран бүтээлчид, сонирхогч, хорхойтнууд Маринаг дэргэдээс нь харах боломжтой боллоо гэсэн үг юм. Үзэсгэлэнд 1970 оноос хойших түүний уран бүтээлийн карьерын үеийг гэрэл зураг болон видео хувилбараар үзэх боломжтой аж.

Өдгөө 72 настай Марина Абрамовичийн үзэсгэлэнг бодитоор үзэж, мэдэрч, аз тохиовол уран бүтээлчийг харах боломж бидэнд маш ойрхон байна. Гайхалтай биш гэж үү.


МАРИНА АБРАМОВИЧИЙН 2010 ОНД ХИЙСЭН ПЕРФОРМАНСЫН ХЭСГЭЭС СОНИРХУУЛЪЯ

TAGS: