ОХУ-ын эрх баригчид аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойг угтан Дэлхийн II дайны үеийн зарим баримт бичгийг улсын нууцаас гаргав. Үүний хүрээнд ОХУ-ын Гадаад хэргийн яам өөрийн албан ёсны веб сайтдаа 1945 оны хоёрдугаар сарын 2-11 өдрүүдэд Хар тэнгисийн эрэг дээрх Оросын Ялта хотноо тухайн үеийн Зөвлөлт холбоот улсын удирдагч Иосеф Сталин, АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвелт болон Их Британийн Ерөнхий сайд Уинстон Черчилль нарын хооронд болсон хэлэлцээр буюу Ялтын гэрээний 55 хуудас бүхий нууц баримтыг олон нийтэд нээлттэй байдлаар байршуулжээ.
Дэлхийн II дайны төгсөлд болсон хамгийн чухал үйл явдлуудын нэг болох энэхүү уулзалтаар тэнхлэгийн орнуудын эсрэг зарласан дайнд холбоотны эсвэл болж оролцсон голлох гурван улсын төрийн тэргүүн нар Нацист Германыг ялсны дараа холбоотнууд хэрхэн Европ тив ба дэлхий дахинд нөлөөлөө хангах, бас хадгалах асуудлаар тохиролцож, цэрэг, стратеги, улс төрийн түүхэн чухал шийдвэрийг гаргасан түүхтэй.
Нацист Германыг ялсны дараа Англи болон АНУ-ын талаас Ази тивд дайны ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа Японы эзлэн түрэмгийллийн эсрэг дайнд ЗХУ-ыг татан оролцуулахыг хүссэн юм. Харин үүний хариуд Зөвлөлтийн удирдагч Иосеф Сталины зүгээс одоо Японтой газар нутгийн маргаантай Сахалин арлын өмнөд хагас болон Курилийн арлуудыг ЗХУ-д өгөх, тухайн үеийн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өнөөгийн тусгаар тогтносон статусыг хүлээн зөвшөөрөх, Дорнод Хятадын төмөр зам болон Порт-Артур боомтыг ЗХУ-д удаан хугацаанд түрээслүүлэх гэсэн гурван нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд Японы эсрэг цэрэг хөдөлгөх болзлыг тавьж байв. Ялтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнолыг анх удаа их гүрнүүдийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн гэдгээрээ манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны веб сайтад байршсан энэхүү 55 хуудас бүхий нууц баримтуудын зарим хэсэг өмнө нь нэг бус түүхэн эрхмүүдийн дурдатгал болон түүхийн судалгаануудад хэд хэдэн удаа хэвлэгдсэн юм. Гэсэн ч цахимд анх удаа нээлттэй байршсан эдгээр түүхэн баримт бичгүүд нь Иосеф Сталин, Франклин Рузвелт болон Уинстон Черчилль нар өөрсдийн гарын үсгээ зурж харилцан баталгаажуулсан 1945 оны Ялтын гэрээний түүхэн эх хувь гэдгээрээ онцлог юм. Улсын нууцаас гарч олон нийтэд нээлттэй болсон уг баримт бичгийн хамгийн чухал хэсэг нь тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Иосеф Сталин Японы эсрэг цэрэг хөдөлгөн дайтах нэхэмжлэл болон эдгээр шаардлагуудыг АНУ, Их Британийн төрийн тэргүүн нар хүлээн зөвшөөрсөн “гэрээ”-ний зүйл заалт хэсэг аж.
Гэрээнд “Зөвлөлт Холбоот Улс, Америкийн Нэгдсэн Улс, Их Британи гэх гурван их гүрний удирдагчид Германчууд бууж өгч Европ дахь дайн дууссанаас хоёроос гурван сарын дараа Зөвлөлт Холбоот Улс Японы эсрэг дайнд нэгдэн орж Холбоотнуудын талд дайтах болно гэж дараах нөхцөлүүдээр тохиролцов:
1. Гадаад-Монгол (Бүгд Найрамдах Монгол Ард Улс)-ын тусгаар тогтносон байр суурь хадгалагдана.
2. Японы гэнэтийн эзлэн түрэмгийллээр 1904 онд алдагдсан Оросын өмнөх эрхийг сэргээнэ.
А. Сахалины өмнөд хэсэг, түүнтэй зэрэгцэн орших бүх арлуудыг ЗХУ-д буцаан өгөх.
В. Далианы худалдааны боомтыг олон улсын болгох бөгөөд уг боомтод Зөвлөлт Холбоот Улсын зүгээс тавьсан өмнөх ашиг сонирхол хамгаалагдаж, Порт-Артур боомтыг ЗХУ-ын тэнгисийн цэргийн баазын мэдэлд түрээслүүлэх.
С. Далиан руу гарах гарц бүхий Хятадын-Зүүн төмөр зам болон Өмнөд-Манжуурын төмөр замын сүлжээ нь Зөвлөлт-Хятадын хамтарсан компанийн мэдэлд, ЗХУ-ын тэргүүлэх эрх ашгийн хүрээнд хамгаалагдана. Мөн Хятад улсын бүрэн эрхт Манжуураас тусгаар тогтносон байдлыг хүлээн зөвшөөрнө.
3. Куриль арлуудыг ЗХУ-д хүлээлгэн өгнө.
Гэрээнд дээр дурдагдсан Гадаад Монгол, боомт, төмөр замын талаарх асуудлаар Генералиссимо Чай Кайшитэй тохиролцоонд хүрэх шаардлагатай.
Япон ялагдсаны дараа Зөвлөлт Холбоот Улсын эдгээр нэхэмжлэл ямар ч эргэлзээгүй биелнэ гэдэгт гурван их гүрний төрийн тэргүүн нар санал нэгдэж байна.
Үүний хариуд Зөвлөлт Холбоот Улсын зүгээс Хятадын Үндэсний Засгийн газартай ЗХУ-Хятадын найрамдалт, эвслийн гэрээг байгуулахад бэлэн бөгөөд Хятадыг Японы эзлэн түрэмгийллээс чөлөөлөхөд туслах зорилгоор цэргийн хүч илгээхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.
1945 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр, Иосеф Сталин, Френклин Рузвелт , Уинстон Черчилль” гэсэн байна.