2019-03-25

Утаагүй вагон аялалд гарахад бэлэн боллоо

Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг зорчигчийн 282 вагоноор олон улсын болон орон нутгийн чиглэлд зорчигч тээвэрлэлт явуулдаг.

Уг вагонуудыг галлагааны улиралд дунджаар 10 000 тонн түүхий нүүрсээр галлан халаадаг нь 3500 айлын яндангаас гарах хэмжээний агаарын бохирдлыг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр орчимд үүсгэдэг юм.

Иймд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажилд хувь нэмэр оруулах үүднээс сүүлийн 5 жилийн хугацаанд галлагааны явцад гарах утааг бууруулах зорилгоор олон удаагийн туршилт, судалгаа, төсөл боловсруулж, 2017 оны эхнээс “Japan Flare” төслийн багтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн байна.

Галлагааны зуухны янданд “Japan Flare” төхөөрөмжийг суурилуулж, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, агаарын бохирдлыг бууруулах, нүүрсний зарцуулалтыг багасгах, зорчигчдын ая тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн стандартад нийцүүлэхээр хэрэгжүүлж буй “Утаагүй вагон” төслийг дэмжиж Улаанбаатар хотын захиргаанаас эхний 10 вагон, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг өөрийн хөрөнгөөр 10 вагоны төхөөрөмжийг нийлүүлсэн байна.

Өнөөдөр “Утаагүй вагон” -той галт тэрэг аялалд гарахад бэлэн болсон байна. Төслийн эхний шатанд 20 вагоныг аялалд гаргах нээлт боллоо. Нээлтийн үеэр уг төхөөрөмжийг суурилуулсан болон суурилуулаагүй вагоны зуухны яндангаас гарах угаарын хий буюу нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээг хэмжиж үзүүлсэн юм.

  • Суурилуулсан вагоны зуухны яндангаас гарах угаарын хийн хэмжээ 825 мг/ м куб байхад
  • Суурилуулаагүй вагоных 6689 мг/м куб байлаа.

Монгол улсын MNS 5457:2005 стандартаар зуухны яндангаас гарах хортой утааны хүлцэх дээд хэмжээ 4000 мг/м кубээс хэтрэхгүй байх ёстой юм. Төхөөрөмжийг 100 хувь суурилуулахад Зам тээвэр хөгжлийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар болон Олон улсын байгууллагын санхүүжилт зайлшгүй шаардлагатай.

эх сурвалж: “УБТЗ” ХНН

TAGS: