Цагдаагийн ерөнхий газар, “JCI Монгол” төрийн бус байгууллагатай хамтран “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, урьдчилан сэргийлэх, ухуулга нөлөөллийн “Нэг хором” аяныг өрнүүлж байна.
Өнгөрөгч оны статистик мэдээллээс харахад хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралт нийслэлд 61 хувь, орон нутаг 31 хувь үйлдэгджээ. Дээрх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн тухайд залуус бусадтай үл ялих шалтгаанаар маргалдаж улмаар нэг хормын уур уцаараа барьж дийлээгүйгээс гэмт хэрэгт холбогдож сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирдог гэдгийг холбогдох албаныхан тайлбарлаж байсан. Тиймээс нэг хором өөрийн уур бухимдлыг барьж сурснаар өөрийгөө болон өрөөлд хохирол учруулахгүй гэж хууль хяналтын байгууллагын албан хаагчид анхааруулж байна.
ЦЕГ, “JCI Монгол” төрийн бус байгууллага нь уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй харьцах харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулах аж. Ингэхдээ хүний эрүүл мэндэд халдсанаар хуулийн хариуцлага хэрхэн хүлээх талаарх эрх зүйн мэдээллийг олон нийтийн хэрэгслээр түгээх юм байна.