Шотландын парламент лхагва гаригт Их Британиас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай санал хурааж “64:54” харьцаатай дэмжигдсэн юм.
Энэхүү үйл явдлыг ажиглагчид Шотландын хууль тогтоогчид улс төрийн шийдвэр гаргах замаар Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцэж, шахалт үзүүлж буй нэг хэлбэр гэж тодорхойлжээ. Гэсэн ч Шотландын эрх баригчдын уг шийдвэр тус улсын тусгаар тогтнох асуудалд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь Шотландын ард түмэн Их Британийн Засгийн газартай тохиролцохгүйгээр тусгаар тогтнох асуудлаар санал хураалт явуулах боломжгүй. Английн Ерөнхий сайд Борис Жонсон энэ сарын эхээр Шотландын Ерөнхий сайд Никола Штругеондын өргөн барьсан тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулах тухай хүсэлтэд татгалзсан хариу өгсөн юм.
Гэсэн ч Никола Штругеондын тэргүүлсэн Шотландын тусгаар тогтнолыг дэмжигч Засгийн газар хэрэв Их Британи улс Европын холбооноос гарсан тохиолдолд, Шотланд улс тусгаар тогтнож Европын холбоонд бүрэн эрхт гишүүнээр элсэнэ гэдгийг хэд хэдэн удаа маш тодорхой илэрхийлсэн байдаг.
Английн Ерөнхий сайд Борис Жонсоны өргөн барьсан “Brexit” тогтоолын дагуу Их Британи улс энэ сарын 31-нд буюу баасан гаригт Европын холбооноос албан ёсоор гарна. Тус улс 2016 оны зургадугаар сарын 23-нд энэ асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулж санал өгсөн нийт 33.5 сая иргэдийн 51.89 хувь буюу 17.4 сая иргэний саналаар Европын холбооноос гарах асуудлыг дэмжсэн байдаг. Гэсэн ч уг санал асуулгад оролцсон Шотланд иргэдийн 62 хувь нь Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцсэн түүхтэй. Тухайн үед Никола Штругеонд “Энэ бол Шотландын ард түмэн Европын холбоонд үлдэхийг хүсэж буйг маш тодорхой илтгэж байна” гэж байв.
Тэгвэл тэрээр лхагва гаригт “Бид бүхэн ердөө хоёр хоногийн дараа Европын холбооны гишүүнчлэл болон түүнийг дагалдах бүх эрхээ алдана. Миний бодлоор хэрэв Их Британи холбооноос гарсан тохиолдолд Шотланд улс тусгаар тогтнож, Европын холбоонд нэгдэх нь одоогоор харагдаж байгаа хамгийн бодит хувилбар” гэжээ.