Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил хийж байгаатай холбоотойгоор энэ сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд таван буудлаас долоон буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болжээ.
Энэ талаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын засвар ашиглалтын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнх-Од, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн дулааны инженер Х.Цолмонбаяр нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил есдүгээр сарын 20-ны өдрийн 23:00 цагаас 22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.
Уг ажлын хүрээнд таван буудлаас долоон буудал хүртэл гурван цэгт зам сэтэлгээ хийж, авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд оролцохыг хүсч байна” хэмээсэн юм.
Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс