Залуу уран бүтээлч У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн буюу Цогтоо, Жижгээ нарын хамтын дэлгэцийн хоёр дахь бүтээл “Өндгөн Толгойт” уран сайхны киноны нээлт өчигдөр “Өргөө” кино театрын төв салбарт нээлтээ хийлээ.
Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд, Цогтоо, Жижгээ хоёрын үзэгч дэмжигчид гээд олон хүн цугларч нэгэн инээд хөөртэй өдрүүдээ нэмлээ.
Тэдний анхны кино “Bad Angel” байсан бөгөөд энэ жилийн кино фестивальд өрсөлдсөнөөс гадна сүүлийн хоёр жилд хийгдсэн Монгол кинонуудаас үзэлтээрээ гуравт шалгарч, цаашлаад Япон, БНСУ-д амьдарч байгаа Монголчуудад хүрсэн юм.
“Өндгөн толгойт” кино нь өнөөгийн Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгч, инээд хөөр бэлэглэн өвчнөө ялахад нь дэм болж, урам өгөхөд оршжээ.
Цогтоо, Жижгээ хоёр тус кинондоо өөрсдийн жинхэнэ нэрээр тоглохын сацуу төрснөөс ч ялгаагүй ах, дүүсийн дүрийг бүтээсэн байна.