​Д.Батбаяр: Хувьцааны үр шимийг хүртэхийн тулд иргэд 1072 хувьцааны дансаа нээлгэх хэрэгтэй

“Эрдэнэс-Тавантолгой”-н компани 2018 оны эхний хагас жилд 373 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаа өчигдөр зарласан. Оны эцэст компанийн ашиг хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Тавантолгой компани ашигтай ажилласнаар олон жил ярьсан иргэдийн 1072 хувьцааг амь оруулж, ногдол ашиг хүртэх нөхцөл бүрдэж байгааг ЭТТ-н захирал Б.Ганхуяг ярьсан. Гэхдээ иргэд Тавантолгой хувьцаатай гэдгээ мэддэг ч данс нээлгэж, хувьцааны эрхээ баталгаажуулаагүй байгаа нь асуудал дагуулж байна. Иргэдийн хувьд хувьцаа эзэмшигч ч цаасан дээр баталгаажуулж аваагүй гэсэн үг. Хэрвээ иргэн та хувьцаагаа баталгаажуулж, данс нээлгээгүй бол ногдол ашиг хүртэх боломжгүйг албаныхан тайлбарлалаа.

“Эрдэнэс-Тавантолгой” компанийн дэргэдэх “1072 мэдээллийн төв”-ийн үйл ажиллагааг хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Батбаяраас иргэдийн хувьцаанд данс нээх ажил хэр ахицтай байгаа талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн байдлаар хувьцаатай гэдэг бүртгэлээ баталгаажуулж, данс нээлгэсэн хэчнээн иргэн байна вэ?

-УИХ-ын тогтоолын дагуу 2012 он дөрөвдүгээр 11-нээс өмнө төрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгэгдсэн иргэн бүрт 1072 хувьцаа олгохоор заасан. Энэ хугацаанд 2.511.000 иргэн 1072 хувьцаа эзэмшигчээр хамрагдах тооцоо бий. Цэнхэр ягаан тасалбар, сүүлийн үеийн бүртгэлийг нийлүүлээд 800  мянган хувьцааны дансыг иргэд нээлгэсэн байна. 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороход гол ашиглагдах данс хангалттай биш байна. 2.5 сая хүн данс нээлгэсэн байх ёстойгоос ердөө 800 мянга нь нээлгэсэн байна гэсэн үг. Тиймээс иргэдэд зориулан “Эрдэнэс-Тавантолгой” компаниас 1072 мэдээллийн төвийг байгуулсан. Энэхүү төв нь ажлын өдрүүдэд үнэ төлбөргүй мэдээлэл зөвлөгөө өгөх, данс нээлгэх брокер, дилерийн компанитай зуучилж өгөх ажлыг зохион байгуулж байна.

Иргэн та 1072 хувьцаагаа баталгаажуулахын тулд хамгийн түрүүнд брокер дилерийн компанид хандах учиртай. Ингэхдээ өөрийн иргэний үнэмлэх, хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбартайгаа очоод бүртгүүлж, данс нээлгэснээр 1072 хувьцааг иргэн таны нэр дээр баталгаажна.

-Зарим иргэдийн хувьд 1072 хувьцаагаа сургалтын төлбөр бэлэн мөнгө болгоод авчихсан, ашигласан гээд данс нээлгэхгүй байх талтай. Энэ хүмүүс мөн адил данс нээлгэх үү?

-Монгол улсын иргэн та Ахмад настан болон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгосон 1 сая төгрөг, оюутны сургалтын төлбөрт олгосон 1 сая төгрөгийг аваагүйгээс гадна 2012 оны 4 дүгээр сарын 11 өдрөөс өмнө төрсөн бол манай компанийн хувьцаа эзэмшигч мөн юм. Харин таны хувьцааны мэдээлэл огт байхгүй, эсвэл тоо хэмжээний хувьд өөрчлөлттэй байгаа тохиолдолд “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-д утсаар болон биечлэн хандаж өөрийн асуудлыг шийдвэрлүүлээрэй. “Эрдэнэс-Тавантолгой “18001072 утас руу залгаж өөрийн хувьцааны үлдэгдэл хэд байгаа, тэр нь данстай байна уу, дансгүй байна уу гэдгийг шалгуулах хэрэгтэй. Өөрийн биеэр ирж зөвлөгөө авах бүрэн боломжтой.

-Данс нээлгэсэн, хувьцааны эрхээ баталгаажуулсан иргэд үр өгөөжөө хэзээ хүртэх юм бэ?

-Энгийнээр яривал, хүн банкинд данс нээлгээгүй байж, банкнаас орж мөнгө авдаггүйтэй адил иргэд хувьцааны үр шимээ хүртэхийн тулд заавал хувьцааны данстай байх ёстой.

-2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэд байгаа шүү дээ. Эдгээр иргэдэд Тавантолгойгоос хувьцаа эзэмшүүлэх үү?

-Энэ нь Засгийн газрын шийдэх асуудал.

Иргэн та доорх дарааллын дагуу хувьцааны дансаа нээлгэж, эсвэл данстай эсэхээ шалгана уу. Хэрэв хувьцаа эзэмшигч мөн бөгөөд Төвлөрсөн хадгаламжид данс нээлгээгүй бол Брокерын компанид хандан хувьцааны арилжааны данс нээлгэх хэрэгтэй. Ингэснээр та өөрийн хувьцаагаа дансандаа байршуулан баталгаажуулж байгаа юм. Уншигч та регистрийн дугаараараа данстай эсэхээ энд дарж шалгана уу.

Эх сурвалж: itoim.mn

TAGS: