Карибын тэнгист мягмар гаригийн шөнө 6.1, 6.6 болон 7.7 магнитуудын хүчтэй цуврал газар хөдлөлт боллоо.
АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн төв Ямайкийн баруун хойд хэсгийн Монтего бей хотоос 139 километр болон Кубын баруун өмнөд хэсгийн Никеро хотоос 140 километрийн зайд Монголын цагаар мягмар гаригийн шөнө 03.10 цагт болжээ. Хүчтэй газар хөдлөлтийн чичиргээ Мексикээс АНУ-ын хамгийн зүүн өмнөд хэсгийн Флорида муж хүртэл мэдрэгдсэн байна.
Номхон далайн цунамигийн сэрэмжлүүлгийн төвөөс Карибын тэнгисийн орнуудад тэр дундаа Куба, Ямайк, Кайманы арлууд, Хондурас, Мексик, Белизд энэхүү хүчтэй газар хөдлөлтийн улмаас ердийн үеэс 1-3 фийт өндөр давлагаа үүсгэж болзошгүй талаар урьдчилан анхааруулаад байжээ. Кубын Үндэсний газар хөдлөлтийн албаны дарга, доктор Энрике Аранго Ариас энэ талаар төрийн мэдлийн агентлагт мэдээлэл өгөхдөө “Газар хөдлөлтөөс үүссэн цунамигийн цохилтын улмаас манай улсад ямар нэгэн ноцтой хохирол учраагүй” гэх мэдэгдлийг хийсэн юм.
Хэдийгээр одоогоор нас барсан хүний тоо болон хохирлын хэмжээний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байгаа ч аюул ард хоцорсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна.