Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулж эхэлснээс хойш 30 жилийн ойн босгон дээр Монголын эмэгтэйчүүдийн “Хатан эрдэнэ” холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдааныг өчигдөр /06.30/ амжилттай зохион байгууллаа. Үе үеийн сайхан бүсгүйчүүд нэгдэн зохион байгуулсан тус уралдаан “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриатай, нийгэмд зөв бодол, зөв үг, зөв үйлдэл, зөв хандлага бий болгох зорилготой байв. Ижил төрлийн бусад тэмцээнээс ялгаатай нь модель, загвар өмсөгч мисс биш харин оюунлаг, хүмүүнлэг, авьяаслаг, жинхэнэ сайхан бүсгүйг тодруулахад наадмын зорилго чиглэгдсэн гэдгийг зохион байгуулагчид онцолж байв. Тиймдээ ч уралдааны шалгаруулалтын явцад нас бага, загварын өнгө аястай, хандлага сөрөг зэрэг шалгуурыг чухалчилж үзжээ.
Наадам 150 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд Алтан эрдэнийн өргөмжлөлт ялагч өргөмжлөл, 20 сая төгрөгөөс гадна молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн болжээ. “Монголын сайхан бүсгүй” уралдааны титмийг Төрийн шагналт, ардын зураач Ү.Ядамсүрэнгийн хүү, Төрийн шагналт зураач Үржнээ урлажээ. 1989 онд анхны сайхан бүсгүйгээр Н.Биндэръяа тодроход задгай загвартай титэм тэргүүндээ залсан. Түүнээс хойш хэсэг хугацаанд хааны титэм хэлбэр бүхий битүү титмийг ялагчид гардуулдаг байсныг сүүлд дахин задгай болгосноор өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй юм. Уралдааны оролцогч бүсгүйчүүд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, эмч, багш, нягтлан бодогч, хуульч, эрх зүйч гээд төрөл бүрийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд аж. Эцсийн шатанд үлдсэн 18 бүсгүй үндэсний хувцас, өдөр тутмын хувцас, гоёлын даашинзтай үзүүлбэр толилуулжээ.
Ийнхүү 11 жилийн дараа дахин зохион байгуулагдсан ‘Монголын сайхан бүсгүй-2018’ наадмын ялагчаар Э.Энхриймаа шалгарч 20 сая төгрөг, молор чулуун шигтгээ бүхий 999 сорьцтой цалин цагаан мөнгөн титмийн эзэн боллоо. Тэрбээр 21 настай, Орхон аймгийн оролцогч, СЭЗИС-д олон улсын нягтлан бодогч мэргэжлээр суралцдаг. Биеийн өндөр 174 см, биеийн жин 53 кг.
“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД:
- Алтан эрдэнэ: Э.Энхриймаа
- Мөнгөн эрдэнэ: М.Цэвэлмаа
- Зэс эрдэнэ: Э.Туул
- Шүр эрдэнэ: Амарзаяа
- Сувд эрдэнэ: О.Уярал
- Оюу эрдэнэ: О.Олонбаяр
- Номин эрдэнэ: М.Ариунжаргал
- Тана эрдэнэ: Н.Тунгалагням
- Ган эрдэнэ: Н.Бадмаараг
ТУСГАЙ ШАГНАЛ:
- Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
- Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
- Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа
Тус наадмын тасалбарын орлогыг ‘Нарны хүүхдүүд’ асрамжийн төвийн ‘Монгол өв соёл, гэр’ төсөлд зориулах гэнэ.