Сагсан бөмбөгийн домогт тамирчин, “NBA”-ын таван удаагийн аварга, хоёр удаагийн финалын үнэ цэнэтэй тоглогч, улирлын үнэ цэнэтэй тоглогч, 18 удаагийн бүх од тоглогч, олимпын наадмын хошой аварга Коби Брайант 41 насандаа нисдэг тэрэгний ослоор нас барлаа.
Тодруулбал, тэрээр ням гаригт 13 настай охиныхоо хамт хувийн нисдэг тэргээрээ зорчиж байхдаа осолдож амь насаа алдсан байна. Нэрт тамирчин Брайантын зорчиж явсан нисдэг тэрэг Калифорнийн Калабасаст осолдсон бөгөөд тус онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алджээ. Тэдний дунд Коби Брайантийн 13 настай охин Жианна байв. Энэхүү харамсалтай үйл явдал нь дэлхийн сагсанбөмбөг сонирхогчдыг цочирдуулсан юм.
Коби Брайант “NBA”-д 20 улирал тоглох замналдаа нийт 1345 тоглолтод оролцож, 11697 довтолгоо амжилттай гүйцэтгэж, 33583 оноо, 1821 холын зайн шидэлт, 8368 чөлөөт шидэлт, 6302 оновчтой дамжуулалт, 1943 бөмбөг таслалт хийсэн итгэмээргүй үзүүлэлт үзүүлж байв.
Түүний 20 жилийн итгэмээргүй сагсанбөмбөгийн карьер 2016 оны дөрөвдүгээр сарын 13-нд Лос Анжелес Лейкерс багийн өмсгөлтэй сүүлийн удаа талбайд гарч, Юта Жазз багийн эсрэг 60 оноо авснаар нулимс дүүрэн, жинхэнэ амьд домгийн дүрээр өндөрлөж байв.