ХӨСҮТ: 21 хүн эдгэрч өнөөдөр эмнэлгээс гарч, эдгэрсэн хүний тоо 65 боллоо

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, 6-р сарын 3-нд 469 хүнд шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрч, Монголд коронавирусийн халдвартай нь батлагсан хүний тоо 186 боллоо. Энэ хүн тавдугаар сарын 26-ны өдөр Москва-УБ-ын онгоцоор ирсэн, 14 хоногийн дараа давтан шинжилгээгээр вирус илэрлээ.

Мөн санамсаргүй түүврийн аргаар Орхон аймгийн Нэгдсэн эмнэлэг, УНТЭ, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж буй иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй.

Нэг сайн мэдээ дуулгахад өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, сувиллын тусгаарлалтад шилжлээ. Үүний ес нь оюутан. Цэргийн сургууль болон Москва хотын их, дээд сургуулийн оюутнууд юм. Оюутнуудын эмчилгээний хугацаа дунджаар 21-22 хоног байна.

ХӨСҮТ-д өнөөдөр 157 хүн хяналтад байна. Өнөөдрийн байдлаар 65 хүн эдгэрч гарсан. 36 нь сувилалд, гэрийн ажиглалтад 16, ажиглалтаас бүрэн гарсан 13 хүн байна.

TAGS: