Монгол цэргийн өдөр-Зэвсэгт хүчний 98 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын хүний гавьяат эмч, анхны мэс заслын эмч, академич Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хос тангарагтай хамт олон технологийн дэвшлийг нэвтрүүлж, бүтээн байгуулалтыг цогцлоон амжилтын төлөө хамтдаа зүтгэж Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнана.
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн түүх
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 1933 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Дотоодыг хамгаалах газрын эмнэлэг нэртэйгээр голомт сууриа тавьсан, 86 жилийн баялаг түүхтэй, Монгол улсын ууган эмнэлгүүдийн нэг билээ.
Улмаар эмнэлэг нь нэр хаяг, харьяаллаа 8 удаа өөрчилж, 3 удаа татан буугдаж байсан ч залгамж холбоо нь тасраагүй, төрийн тусгай чиг үүрэг бүхий алба хаагчид, тэдний ар гэрийхэн, ахмад ажилтнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үүргээ нэр төртэй хэрэгжүүлж орчин үеийн барилга, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан нэгдсэн эмнэлэг болсон байна.
Монгол улсын эрүүлийг хамгаалах, эрүүл мэндийн салбарын бүхий л түүхэн үе шат, хөгжил дэвшилтэй эмнэлгийн түүх нь нягт холбоотой. Түүхийн шаргал хуудсыг сөхөн үзвэл: 1933-1954 онд Дотоод явдлын яамны эмнэлэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулан 1936 онд 24 хүнтэй эмнэлгийн анхны тасаг нээгдсэн бол 1937 онд анх удаа эмнэлгийн зориулалтын хоёр давхар барилга баригдаж ашиглалтанд орсон. 1954-1971 онд Өдрийн амбулатори эмнэлэг нээгдсэн.
1971-1990 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны төв эмнэлэг болсон. 1965-1970 онуудад Монгол улс даяар өрнөсөн социалист хөдөлмөрийн хөдөлгөөн тус эмнэлэгт ч өрнөсөн бөгөөд 1969 онд амбулатори нь госпиталийн тасаг, нэгжийн хэмжээнд эхний байрыг эзэлж, орчны тохижилтоороо шалгарч шагнал хүртэж байжээ.
1990-1994 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын төв эмнэлэг болж тухайн үед АУДэС-ийн бааз эмнэлэг болсон төдийгүй Уламжлалт анагаах ухааны тасаг нээгдсэн.
1994-2000 онд Хилийн цэргийн төв эмнэлэг болж, 0242 дугаар анги буюу хилийн хүн эмнэлгийн нэгдүгээр тусгай хороо болсон байна. 2000-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон ба 2000-2005 онуудад БНХАУ-ын Тяньжин хотын төв эмнэлэгтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтран ажиллах, компьютерийн сүлжээнд орох, байгууллагын бизнес төлөвлөгөө боловсруулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба болон сувилгааны албыг байгуулах, уламжлалт анагаах ухааны тасгийг өргөтгөн 20 ортой болгох, гүүний саамны “Байгаль” сувиллыг байгуулах зэрэг багагүй ажлыг хийж гүйцэтгэжээ.
2013-2016 онд Цэргийн төв эмнэлэгтэй нэгдэж Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болсон.
2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн салбарт, Монгол улсын Эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ түүхийг эхлүүлж ТТАХНЭ-ийн амбулаторийн үйл ажиллагааг эхлүүлсэн бол 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хэвтүүлэн эмчлэх үйл ажиллагаагаа эхлүүлснээр бүрэн хүчин чадлаараа дахин ажиллаж эхэлсэн юм.
2018 онд Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд эмнэлгийн тоног төхөөрөмжийн цогц шинэчлэл, суурилалуулт, сургалтыг зохион байгуулж төслийг бүрэн хэрэгжүүлж дууссан.
Тоног төхөөрөмжийн төдийгүй тогтолцооны өөрчлөлтүүдийг хэрэгжүүлж 2018 онд Чанарын удирдлагын ISO 9001:2015 стандартыг нэвтрүүлсэний зэрэгцээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, чанарын шаардлага хангаснаа Магадлан итгэмжлүүллээ.
Дуурсах алдар, түүхэн гавьяатай, хос тангарагтай хамт олон Монгол улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон” гардаж авах гэж байна. Одонг МУ-ын ерөнхийлөгч өөрийн биеэр очиж гардуулж өгөх юм байна.
Эх сурвалж: live.mn