Хятад улсад дэгдээд буй коронавирусийн халдвараар нас барсан хүний тоо өнөө өглөөний байдлаар 25 болж нэмэгдсэнийг тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн 24 нь Хубэй мужид, 1 нь Хэбэй мужид харьяалагдаж байгаа ажээ. Уг вирусийн халдварын голомт гэж болох Ухан хотод халдвар авсан хүний тоо цаг минутаар нэмэгдэж байгаа.
Коронавирусийн халдвар Ази болон дэлхий даяар тархаж 840 гаруй хүн халдвар авсны 830 нь Хятадын Ухан хотын иргэд эзэлж байгаа аж. Энэхүү аюулт вирусийн дэгдэлт эхэлсэн 11 сая хүн амтай Ухан хот болон зэргэлдээ Хуанггань, Эжоу зэрэг гурван хотод аялал жуулчлалын хязгаарлалт тавьж, бүхий л нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоогоод байгаа юм.
Мөн өчигдөр Хятадын эрх баригчид Бээжинд болох Цагаан сарын бүх үйл ажиллагаануудыг цуцлах шийдвэр гаргаад байна.
Одоогийн байдлаар коронавирусийн халдвар авсан нь батлагдсан 844 тохиолдол бүртгэгджээ. Үүнийг задалбал:
-Эх газрын Хятад: 830
-Тайвань: 1
-Макао: 2
-Хонконг: 2
-Вьетнам: 2
-Тайланд: 3
-Япон: 1
-Өмнөд Солонгос: 1
-Сингапур: 1
-АНУ: 1
Түүнчлэн илэрсэн байж болзошгүй тохиолдлуудад Ухан (Хубэй муж), Бээжин, Шанхай, Жэжян, Гуандун, Хэбэй, Ляонин, Зянсу, Фужиан зэрэг мужууд багтаж байна.
Дэлхий даяар энэхүү аюулт вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажилласаар байна. АНУ, Их Британи, Австрали зэрэг орнууд нисэх онгоцны буудал дээр эрүүл мэндийн үзлэг хийж эхэлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг вирусийн халдварын талаар яаралтай хуралдсан ч онц байдал зарлах хараахан болоогүй гэж үзсэн бололтой. Энэ чиглэлд шийдвэр гаргаагүй, харин вирусийн халдвар юунаас үүдэлтэй, тархалтыг хэрхэн багасгах талаар дахин судлах шаардлагатай байна гэж үзжээ.