Хятадын Хятадын шинжлэх ухааны академи(ХШУА), Цэргийн анагаахын шинжлэх ухааны академи болон Ухань дахь вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирус (2019-nCov)-ийг эсийн төвшинд хангалттай сайн дарангуйлах нөлөө бүхий гурван эмийг туршилтаар илрүүлсэн талаар “Hubei Daily” сонинд мэдээлжээ.
Одоогоор Ремдесивир, Хлорокин, Ритонавир гэх эдгээр гурван эмийг эмнэлзүйн хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд зохих журмын дагуу холбогдох байгууллагуудад туршилт хийх зөвшөөрлүүдийг илгээгээд байгаа аж.
Үүнээс өмнө ХШУА болон Шанхайн “Materia Medica” институтийн судлаачид хамтран коронавирусын эсрэг эмчилгээний нөлөөтэй байж болзошгүй боломжит 30 өөр эм, биологийн идэвхт байгалийн гаралтай бүтээгдэхүүн, Хятадын уламжлалт эмийг сонгон авч, туршилт хийж байжээ. Эдгээрийн дунд индинавир, сакуинавир, лопинавир, карфилзомиб зэрэг ХДХВ-ийн эмчилгээнд ашигладаг 12 эм, амьсгалын замын хам шинж вирусийн эсрэг үйлчилгээтэй хоёр эм, шизофрени өвчний эсрэг эм, дархлаа дарангуйлагч эм, түүнчлэн “Polygonum cuspidatum” зэрэг Хятадын уламжлалт эмүүд багтсан аж.
Мөн Ухань дахь вирус судлалын хүрээлэнгийн тэргүүлсэн хэд хэдэн судалгааны баг “2019-nCov” вирусийн дэгдэлт анх эхэлснээс хойш уг вирусийг хурдан илрүүлэх бүтээгдэхүүн, вирусийн эсрэг эм, вакцин, амьтны гарал үүслийг хянах судалгаа болон этиологи, эпидемиологийн судалгаа зэрэг таван чиглэлээр судалгаа хийжээ.
Хятадын нэрт вирус судлаач Ши Жэнглигийн удирдсан эрдэмтдийн баг лхагва гаригт “2019-nCov” вирус нь сарьсан багваахайгаас үүдэлтэй байж болзошгүй гэж мэдэгдсэн юм. Учир нь шинэ төрлийн коронвирусийн генийн дарааллыг судлахад сарьсан багваахайн генийн дараалалтай 96 хувь таарч байгаа аж. Энэхүү хамгийн сүүлийн үеийн нээлт нь вирусийн гарал үүсэл болон тархах замыг судлах маш чухал нотолгоо болох боломжтой.