БНХАУ-ын Эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр даваа гаригийн өглөөний байдлаар тус улсад “2019-nCov” вирусийн халдвараар өвчлөгчдийн батлагдсан тохиолдол 17000-д хүрч, нас барагсдын тоо 360 болжээ. Мөн эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн 20000 хүнийг тусгаарласан байна.
Хятадын Эрүүл мэндийн байгууллагын ням гаригийн 18.00 цагийн байдлаар өгсөн албан ёсны мэдээгээр шинэ төрлийн коронавирусийн халдвараас бүрэн эдгэсэн 328 хүний тоо болсон талаар цохон тэмдэглэж байв. Уг мэдэгдлийг хийх үед нас барагсдын тоо 304 байсан нь Ухань хотод өнгөрөгч арванхоёрдугаар сард “2019-nCov” вирус илэрснээс хойш анх удаа эдгэсэн хүний тоо амь насаа алдсан хүний тооноос давж гарсан маш сайн үзүүлэлт болсон юм. Эдгэсэн нийт хүний тоог даваа гаригийн байдлаар хараахан албан ёсоор баталгаажуулж мэдээлээгүй байна.
БНХАУ-ын эрх баригчид даваа гаригийн өглөө коронавирусийн тархалт дэгдээд буй 24 мужид хоёрдугаар сарын 10 хүртэл бизнес, үзвэр үйлчилгээ, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэрийг танилцууллаа. Эдгээр мужууд нь өнгөрсөн оны тооцоогоор тус улсын нийт ДНБ-ий 80 хувь, нийт экспортын 90 хувийг бүрдүүлж байв. Коронавирусийн тархалт Хятадын эдийн засагт маш хүндээр нөлөөлж буй. Энэ байдал даамжирвал дэлхийн нийт эдийн засагт ч том хэмжээний эрсдэл дагуулах магадлалтай талаар эдийн засгийн шинжээчид дурдсан. Тэгвэл Хятадын Төв банкны зүгээс эдийн засгаа хамгаалах үүднээс ням гаригт зах зээлд 1.2 их наяд юань буюу 173 тэрбум ам.долларын үнэт цаас гаргах замаар шууд бэлэн мөнгө нийлүүлэх болсныг зарласан юм.
Гэсэн ч Хятадад коронавирусийн улмаас үүссэн эдийн засгийн хүндрэлтэй байдал Азийн бусад зах зээлүүдэд хэдийн нөлөөлж эхэлжээ. Тухайлбал, Япон, Өмнөд Солонгос, Австралийн хөрөнгийн биржүүдийн арилжаа даваа гаригийн нээлтийн байдлаар бүгд нэг хувь унаад байна.
Одоогийн байдлаар дэлхийн дахинд коронавирусийн батлагдсан 145 тохиолдол 23 улсад бүртгэгдлээ. Тухайлбал, Японд 20, Тайландад 19, Сингапурт 18, Өмнөд Солонгост 15, АНУ, Герман, Малайзад тус бүр 8, Франц, Вьетнамд тус бүр 6, АНЭУ-д 5, Канадад 4, Их Британи, ОХУ, Итали, Энэтхэг, Филиппинд тус бүр 2, Швед, Финланд, Испани, Непал, Шри-Ланка, Камбож улсуудад тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ. Мөн ням гаригт Филиппин улсад Эх газрын Хятадаас өөр газар “2019-nCov” вирусээр өвчилсөн анхны тохиолдол бүртгэгдсэн.