-Хоёулаа шууд гол яриандаа оръё. Тэр өдөр хэдэн сарын хэдэн байсан юм бэ. Яг юу болсон юм бэ?
-Тэр өдөр бол 2017 оны аравдугаар сарын нэгний өдөр байсан юм. Манай зуслан Шадивланд байдаг. Би Олон улсын сэтгүүлч, орчуулагчдын төгөл гэдэг юмыг зуслангийнхаа хашааны нэг хэсэгт байгуулсан. Манай хашаанд маш их өвс ургана. Би хадаж чадахгүй. Тийм болохоор хашааны үүдээр явж байгаа үхэрнүүдийг хашаа руу оруулаад тэр өвсийг идүүлдэг байлаа. Харин сүйтгээд хаячихдаг болохоор нь төгөл рүүгээ оруулахгүй харж байх хэрэгтэй байдаг байв. Тэгсэн чинь саахалтын нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй жижигхэн охинтойгоо манай хажууд байдаг худгийн дэргэд архи ууж байгаад намайг дуудсан юм. Би очсон. Дараа нь буцаж ирээд гурвуулаа үхрээ хараад хэсэг суулаа.
Тэр хүүхэд хорвоо дээрх хамгийн өвөрдөлтэй хүүхэд. Яагаад гэхээр хоёр хөлгүй, шагайгаараа эргэчихсэн, ээж нь хоёр удаа харвалт өгөөд зөвхөн амьтай голтой төдий, аав нь ямарч боловсролгүй, архи их уудаг тийм л хүмүүс байсан. Тэр өдөр цас бударч, хүйтэрч байлаа. Тэгсэн нөгөө хүүхэд чичирч байна. Миний хүү даарч байна уу гэсэн чинь толгой дохиж байна. Тэгэхээр нь зуны амбаарт оруулаад өвдөгийг нь гараараа барьж дулаацуулах санаатай өмдийг нь доошлуулсан. Аав нь хажууд байсан. Гэтэл аав нь “Чи миний охины өмдийг яах гэж тайлж байна” гэсэн. Би “чи битгий дэмийр, би дулаацуулах гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд жаахан байж байгаад тэр хүн охиноо аваад явчихсан. Тэр хүнийг Б гэдэг байсан юм. Б дараа нь буцаад ирсэн. Ирэнгүүтээ “Чи хүүхдийн хүчирхийлэл гэж орон даяар шуугиж байгааг мэдэж байна уу. Мөнгө өг” гэж хэлдэг юм байна. Би “Чамд би мөнгө өгөхдөө яадаг юм бэ, яасан гэж мөнгө өгөх юм бэ. Яв чи” гэж хэлээд хөөсөн. Би хүнд уурладаггүй хүн. Гэвч тэгэхэд уур хүрсэн. Тэгтэл Б оройхон дахин ганцаараа хүрчирснээ “За, энийг чинь далимдуулаад сайхан нэр хүндийг чинь гутаана” гээд дайраад унасан. Тэгэхэд нь би үнэхээр их айсан.
Тэр үед шүүх, цагдаа гэж ерөөсөө бодоогүй. Хэвлэл мэдээллээ л бодсон. Үнэхээр бүдүүлэг хүн. Нэр хүндийг минь гутааж мэднэ гэж бодсон. Тэгээд жаахан бодож байгаад би “За, мөнгө өгье. Чи битгий цаашаа цуураарай” гэж хэлсэн.
-Таниас хэдэн төгрөг нэхсэн юм бэ?
-Надад 300 мянган төгрөг байсан. Тэрийг голсон юм. Тэр ахиу мөнгө авах гэсэн юм шиг байна лээ. Лав сая, хоёр саяыг авахыг бодсон байх.
-Янз, янзын мэдээллүүд явж байсан л даа. Тэр охин өмдөндөө шээчихсэн байсан юм уу. Үгүй юу. Та үнэхээр дулаацуулахыг хүссэн юм уу?
-Өөр яахав дээ би. Би тэр жаахан охиныг буйдан дээр суулгаад өвдөгийг нь бариад сайхан дулаацуулчихъя л гэж бодсон. Тэгсэн чинь л мөнгө авч ир гэсэн.
–Тэр хэдэн настай охин байсан юм бэ?
-Тэр долоон настай охин байсан. Одоо арваад настай болж байгаа байх.
-Тэр охин ярьдаг байсан уу?
-Сайн ярьж чадахгүй ээ, хөөрхий.
-Тэр хүн таны өгөх гэсэн мөнгийг голсон байна. Тэгээд юу болсон бэ?
-“Мөнгө авч ирж өгнө” гэсэн баталгаа бичиж өг гэсэн. Би юу гэж бичих юм бэ. Чамд юугаа бичиж өгөх юм бэ гэтэл “Завдсан нь үнэн, уучлаарай. Мөнгө өгнө” гэж бич гэсэн. Би айсандаа цаасан дээр яг түүгээр нь бичиж өгсөн. Тэгээд намайг хоёр, гурав хоноод ирээрэй гэсэн. Яг тэр үеэр Хятадын коммунист намын 19 дүгээр их хурал болж, би телевиз радиогоор тайлбарлах,мэдээлэх их ажилтай болдог юм байна. Тэр ажлаа дуусгаад 10 гурай хоногийн дараа ирсэн чинь аль хэдийн цагдаад өгчихсөн байсан.
-Та яах гэж тийм хуурамч баталгаа бичиж өгсөн юм бэ?
-Би тэр хүнийг хэвлэл мэдээлэл, сонин радиод өгчихнө л гэж айсан. Хүмүүс тэгж байгаа юм. Ийм боловсролтой, ийм настай хүн байж бүр эхлээд тийм баталгаа бичээд өгчихдөг нь “тэнэг” гэж байгаа байхгүй юу. Шүүх миний бичиж өгсөн, “Завдсан, үнэн” гэдэг бичгийг нотлох баримт болгосон.
Тэр баталгаа бичүүлж авсан хүн бас өрөвдөлтэй хүн байсан юм аа. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг ч зурж чадахгүй, боловсролгүй тийм л хүн. Тэр уг нь муу санахгүй. Тэгсэн тэр Дашзэвэг гуайгаас ийм бичиг авчихсан, мөнгө авна гэсэн чинь хамт архи уудаг хүмүүс нь “Хүүе, ийм сайхан нотолгоо өгчихсөн байхад чинь наатахаасаа мөнгө авна гэж битгий хүлээ. Одоо шууд цагдаа очье” гээд л гүйцээ.
Удалгүй намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан. Яваад орсон чинь нэг өрөө дүүрэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө юм асуугаад байж байснаа бүгд намайг харсан. Би ичсэн. Байцаагч надаас асуугаад л байсан. Би голдуу толгой дохиод байсан. Тэр цагдаа надад нөгөө бичгийг үзүүлсэн. Би бичснээ хэлсэн. Миний сонсгол их муудсан юм. Би тэр цагдаагийн асуусныг сонсоогүй байж за, за л гээд байсан. Би энэ асуудлыг гэр бүлийнхнээсээ, ажлын газраасаа ор тас нуусан.
-Та яагаад тэр байцаагчид үнэнийг хэлээгүй юм бэ. Яагаад толгой дохиод байсан юм бэ?
-Би хэлсэн. Намайг баталгаа бичиж өгөхгүй бол нэр хүндийг чинь гутаана гээд байхаар нь айгаад бичээд өгчихсөн гэдгээ хэлсэн. Үнэнийг хэлсэн. Байцаалтын дараа би мөн л гэр бүл, ажлын хамт олноосоо нуугаад байж байтал гурав дахиа намайг дуудлаа. Тэгж дуудахдаа шүүх хурал болно гэлээ. Би ерөөсөө тоохгүй, юу л болов гээд очсон. Би юу ч дуулаагүй ээ. Тэгтэл шүүх хурлын дараа надад “Таныг хорих болсон шүү” гэдэг юм байна. Би гайхаад юун хорих гэсэн чинь “Одоо цагдан хорих анги руу таныг ачна, хорино” гэж хэлэв. Би итгэхгүй, гайхтал нээрээ хорихоор болсон, тийм шийдвэр гарсан байсан.
-Шүүх хурал аль дүүрэгт болсон бэ?
-Чингэлтэй дүүрэг дээр болсон. Би хүү рүүгээ утасдаад “Аав нь шоронд орох гэж байна” гэсэн чинь миний хүү үнэмшихгүй “Битгий тоглоод бай” гэсэн. Тэгтэл хажууд байсан хуулийн хүн утас аваад ярьсан. Би итгээд уйлсан. Манайхан мэдээд яасан, юу болсон гээд бужигнаад эхэлсэн. Энэ шүүх хурлын дараа шийтгэх хурал болсон. Шийтгэх хурлын үеэр баталгаа бичиж авсан Б-г хайгаад олоогүй. Тэр хүн хуралд оролцоогүй, зугтчихсан. Мэдүүлэг өгөөд л тэрнээс хойш хэнтэй ч уулзаагүй. Ойд явж байсан л гэж дуулдсан. Шийтгэх хурал дээр тэр хүний том охин гэнэ үү нэг хүн ирсэн. Намайг тэр хурлаар оруулаад олон жил хорих ял оноолоо гэснийг тэр охин цаашаа очоод аавдаа хэлсэн. Товчхондоо ийм л зүйл болсон.